Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн ЭСА Монголд үзүүлэх дэмжлэгээ 200 сая фунт стерлингээр НЭМЭГДҮҮЛЖЭЭ

ikon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Их Британи болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг 2018 оны 1 дүгээр сарын 23-д тэмдэглэлээ. 

Цог жавхлант Хатан хааны Элчин сайд Катрин Арнолд нэг жилийн турш үргэлжлэх ойн баярыг албан ёсны хүлээн авалтаар эхлүүлсэн юм. Энэ үеэр Их Британийн Ерөнхий сайд Монгол Улсыг хариуцах Худалдааны Элчийг томилсон талаар болон Их Британийн Экспортын Санхүүжилтийн Агентлаг дэмжлэгээ нэмэгдүүлэх шийдвэр гаргасан зэрэг таатай мэдээг дуулгалаа. 

Их Британийн парламентын гишүүн Жулиан Найтыг Ерөнхий сайд Тереза Мэй томилсон ба тэрээр Их Британийн Засгийн Газрын өмнөөс Монгол-Их Британийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Их Британийн Экспортын Санхүүжилтийн Агентлаг буюу дэлхийн ууган экспортын кредитийн агентлаг нь Монгол Улстай хийх Их Британийн худалдааны дэмжлэгээ 200 сая фунт стерлинг болгон өсгөж буйг зарлалаа. 

Британийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авагч Монголчууд өөрсдийн мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх боломжтой боллоо

Их Британийн Экспортын Санхүүжилтийн Агентлаг нь үндэсний мөнгөн тэмдэгтээр санхүүжүүлэх боломжийг олгон Монгол төгрөгөөр гүйлгээ хийхийг зөвшөөрсөн байна. Ингэснээр Британийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авагч Монголчууд өөрсдийн мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх боломжтой болно. 

Их Британийн Элчин сайд Катрин Арнолд хэлэхдээ ‘’Энэ хоёр мэдээ нь Их Британи, Монгол Улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжсэн чухал ач холбогдолтой юм.

1963 оны 1-р сарын 23-д Их Британи улс Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны барууны орон болсон. Үүнээс нэг жилийн манай анхны дипломатч Монголд ирсэн бөгөөд энэ цаг үеэс хойш одоог хүртэл манай ЭСЯ үйл ажиллагаагаа явуулж байна.

Түүхт 55 жилийн ойг эдгээр сайхан мэдээгээр эхлүүлж байгаадаа миний бие баяртай байна. Их Британи улс Монгол улстай эдийн засаг, тогтвортой хөгжил, хүний эрх болон ардчиллыг дэмжин ажилласаар байх болно’’ гэв.

 

Эх сурвалж: Британийн ЭСЯ