Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Казахстан улс сурагчдад нэгдүгээр ангиас нь англи, орос, казах хэлээр хичээл заахаар төлөвлөж байна”

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин тус улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын ард түмэндээ хандсан “Аж үйлдвэрийн дөрөв дэхь хувсгалын нөхцөл дэх хөгжлийн шинэ боломжууд” нэртэй илтгээлтийг танилцууллаа.

Ингэхдээ БНКУ-ын улс төр, нийгэм, эдийн засаг болон бусад салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Илгээлт нь 10 зорилттой аж.

2017 онд тус улсын эдийн засаг 4 хувиар өсөж, ажилгүйдэл 4.9 хувиар буурсан байна.

БНКУ-ын боловсролын салбарт хийх шинэчлэлүүд нь сонирхол татлаа. Тухайлбал БНКУ ерөнхий боловсролын сурагчдад англи, орос, казах хэлээр хичээл заахаар болжээ. Илтгээлтэд “Казахстанчуудын ирээдүй бол англи, орос, казах хэлийг чөлөөтэй эзэмших явдал юм” хэмээн тодорхойлсон байна.

Энэ талаар Элчин  сайд К.Кобландин “Казахстан улсын үндэсний хэл нь казах, олон улстай харилцах орос хэл ихээр хөгжсөн байдаг. Казах хэлийг төрийн хэл, орос хэлийг олон улстай харилцах хэл гэж заасан.

Одоогоор дэлхийд латин буюу англи хэлний үсэг маш ихээр хэрэглэгдэж байна. Үүнтэй холбогдуулан казахстаны дунд сургуулиудад гурван хэлээр хичээл заах асуудал шийдвэрлэгдсэн. Энэ ажлыг шат шатанд нь хуваарилсан байгаа. 2019 онд 10,11 дүгээр ангийн газар зүй, математикийн хичээл англи хэлээр заагдана. Их дээд сургуулиудад англи хэлний багш нарыг нарийн мэргэжлээр бэлтгэж байна.

Цаашид 1 дүгээр ангиас эхлээд дээрх гурван хэлээр хичээл үзэхээр төлөвлөж байгаа.

Дэлхийн ихэнх орнууд латин үсэг ашиглаж байна. Латин үсэгт шилжих ерөнхий төсөл боловсруулагдсан. 2025 он гэхэд латин үсэгт шилжихээр төлөвлөж байна” гэсэн мэдээлэл өглөө.

Казах хэлийг хэтэрхий их нэр томъёогоор хүндрүүлэлгүй орчин үеийн болгох нь казах хэл мөнхөд оршиход тустай гэж үзжээ. Хэлээ олон улсын түвшинд ойртуулах нь чухал шаардлага хэмээн илгээлтэд дурдсан байна. Мөн илгээлтэд байгаа өөр нэгэн сонирхолтой зүйл бол дээд боловсролд мэдээллийн технологи, хиймэл  оюун ухаан ба “их өгөгдөл”-тэй ажиллахыг заалгаж сурсан төгсөгчдийг тоог нэмэгдүүлэхээр болжээ.

Монголоос Казахстан руу шууд нислэгтэй болоход тулгамдаж буй асуудлуудыг тодорхойллоо
 
Гэрэл зургийг MPA.mn

Сэтгүүлчид Монголоос БНКУ руу шууд нислэгтэй болох ажил яагаад удааширч байгаа тухай Элчин сайдаас тодруулж асуулаа. Энэ талаар Элчин сайд К.Кобландин "Монголын төрөөс шууд нислэг үйлдэхэд ямар нэг татгалзах зүйлгүй байгаа. Асуудал нь юу вэ гэхээр Казахстан талаас нислэг хийх "Айр Астана" болон Монголын үндэсний агаарын тээврийн "МИАТ" компанийн хоорондын арилжааны гэрээтэй холбоотой.

Ер нь шууд нислэг нээх асуудлыг бид Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүнүүдтэй уулзахдаа хөндөж ярьсан. Казахстан улсаас ойрын хугацаанд төлөөлөгчид ирэх байх. III сард болох Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр энэ асуудал хөндөгдөх байх.

Энэ асуудлыг хэлэлцээд сүүлийн шатандаа явж байхад Ерөнхийлөгч, УИХ-ын сонгууль болж, дараа нь Засгийн газар хэд хэдэн удаа солигдсон. Энэ асуудал шууд нислэг шийдэгдэхэд саад болоод байгаа юм.

Ойрын 2-3 жилд солигдоод байхгүй, асуудал шийдэгдэнэ гэж бид найдаж байна" гэсэн юм. 

БНКУ, АНУ 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ зуржээ

2018 оны нэгдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг тэргүүлж буй БНКУ-ын ерөнхийлөгч Н.Назарбаев Цагаанд ордоны урилгаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзжээ.

Айлчлалын хүрээнд хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны 20 гаруй бичиг баримтад гарын үсэг зурж, 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татахаар болсон тухай Элчин сайд К.Кобландин онцоллоо.

Энэхүү хөрөнгө оруулалт нь агаарын тээвэр, сансар судлал, газрын тосны хими, хөдөө аж ахуй, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэгдэх аж.

Харин манай хоёр улсын харилцааны ойрын төлвийг дурдвал ирэх 3 дугаар сард Казахстан-Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан зохиогдохоор төлөвлөгджээ. Мөн 2018 ондоо Монгол Улсын Ерөнхийлөгч БНКУ-д албан ёсны айлчлал хийх асуудал яригдаж байгаа гэв.