Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Кэйп Таун хот иргэдийнхээ усны хэрэглээг хамгийн доод хэмжээнд хязгаарлав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкийн томоохон хотуудын нэг Кэйп Таун хэрэглээний усгүй болж байгаа үйл явдлыг дэлхий нийтээр анхааралтай ажиглаж байгаа билээ. Яг одоогийн байдлаар тус хотын усны нөөц 26 хувийн дүүрэлттэй байгаа бөгөөд 13.5 хувьд хүрвэл хотын ус түгээх систем шууд зогсох юм. “Day Zero” буюу хот огт усгүй болох өдрийг дөрөвдүгээр сарын 12 гэж зарлаад байгаа.

Энэ өдрийг багахан ч болтугай хойшлуулахын тулд хотын захиргаа хоёрдугаар сарын 1-нээс оршин суугчдынхаа усны хэрэглээнд хатуу хязгаарлалт тогтоожээ.

Тодруулбал нэг хүний өдөрт хэрэглэх усыг 50 литр болгосон байна. Нэгдүгээр сарын дундуур уг хязгаарыг хүний 87 литр болгосон боловч хотын оршин суугчдын 37 хувь нь л мөрдөж чадаж байжээ.

Өдрийн 50 литрийн хэрэглээ бол хүний усны хэрэгцээний байж болох хамгийн доод хязгаар гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

АНУ-ын ус, цаг уурын шинжээч Питер Глэйк 1996 онд хэвлүүлсэн судалгааны тайландаа “хүний усны суурь хэрэглээ”-г ингэж тодорхойлжээ.

  • Хамгийн багадаа хүн өдөрт 3 литр ус уух ёстой
  • 20 литр усыг бохирын хэрэглээнд зарцуулна
  • 15 литр усыг биеэ угаахад зориулна
  • 10 литр усыг хоол хүнс бэлдэх, аяга таваг угаахад зарцуулна.

“Day Zero” өдрөөс хойш Кэйп Таун хот 4 сая оршин суугчдынхаа хэрэглээний усыг нэг хүний өдрийн 25 литр болгох гэнэ. Энэ үед ус түгээх газруудыг хот даяар ажиллуулж, эдгээрийг зэвсэгт хүчнээр хамгаалуулах юм.

Хотын ойролцоо оршдог байгалийн рашаан булагт саяхан иргэдийн хооронд мөргөлдөөн гарсан тул Пүрэв гарагаас эхлүүлэн 24 цагийн зэвсэгт хамгаалалт гаргаж байгаагаа хотын захиргаа өчигдөр мэдэгджээ. Хотын усан хангамж хязгаарлагдах болсноос Кэйп Тауны иргэд энэ рашаан руу олноор цувах болсон байна.

Кэйп Таун нь манай дэлхийн хамгийн анхны усны хомсдолд орсон том хэмжээний хот болж байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz