Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Морин хуур-2017" наадмын гала тоглолтод МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нар ая дуугаа өргөнө

ikon.mn
2018 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний хөг эгшиг,  өв соёлоо дээдлэх, монгол дууны урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх содон бүтээлээр баяжуулах зорилготой “Морин хуур” наадмын энэ жилийн эхний шалгаруулалт болж өндөрлөлөө.

Энэ жилийн наадамд манай хөгжмийн зохиолчдоос гадна ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО зэрэг монгол туургатан уран бүтээлчид шилдэг бүтээлээ ирүүлжээ.

31 дэх жилтэйгээ золгож  буй “Морин хуур” наадмын шилдэг бүтээлийг нийтийн, эстрадын,  мэргэжлийн дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулах юм. Гурван шаттай явагдах уг наадамд оролцож буй чансаатай, мэргэжлийн түвшинд бичигдсэнбүтээлүүдээс чанар, хийц, агуулгаараа онцгойлон тодорсон бүтээлийг алдаршуулдаг.

“Морин хуур 2017” наадмын шагналтнууд болон дууны төрөл бүрийн Тэргүүн шагналтнуудаас оны шилдгийн шилдэг Гранпри шагналтан хөгжмийн зохиолч тодруулах аж. Дашрамд өгүүлэхэд хөгжмийн зохиолч, дуучдын чансаагаа сорьдог Морин хуур наадмын хүрээнд улаан хивсний ёслол зохион байгуулах юм байна.  

Энэхүү ёслолын ажиллагаанд он оны “Морин хуур” наадмын шагналтнууд, хөгжмийн урлагийн салбарын сод авьяастнууд, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тулгын чулууг тавьсан үе үеийн нэрт зүтгэлтнүүд, яруу найрагчид, дуучид оролцож, хагас жарны түүхтэй наадамдаа хүндэтгэл үзүүлэх, Уралдааны II шатны шалгаруулалт хоёрдугаар сарын 10-нд болно.

Энэ жилийн наадамд Ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, У.Далантай, Ө.Уянга, Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн зэрэг бүтээл бүр нь олны хүртээл болсон  уран бүтээлчид өрсөлдөж байна.

Наадмын гуравдугаар шатны шалгаруулалтад тунаж үлдсэн 15 дууны уран бүтээлч хоёрдугаар сарын 12-нд болох Гала концертод оролцож, дуунд хайртай ард түмнийхээ сонорыг мялаана. “Морин хуур” наадмын энэ оны бай шагнал урьд жилүүдээс онцлог болохыг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дууны албанаас тодруулсан юм. Мөн Монгол Улсын төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад орны Элчин сайдын яамны дипломат ажилтнууд улаан хивсний ёслолд оролцоно. 

“Морин хуур” наадмын зохион байгуулагчид оны шилдэг хөгжмийн зохиолч болон дууг тодруулахын тулд мэргэжлийн хөгжмийн зохиолчдоос бүрдсэн шүүгчдийн баг бүрдүүлжээ. 

Тодруулбал, эхний шатанд өрсөлдсөн уран бүтээлчдийг Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач М.Булган, хөгжмийн зохиолч Ж.Шараа, Д.Цэцэрлэг, Р.Энхбазар Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын зохиолч, хөгжмийн зохиоч, нийтлэгчдийн нийгэмлэгийг гүйцэтгэх захирал Ү. Хүрэлбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн И.Болоож, нар шүүсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын гавьяат жүжигчин С.Бархас, шинэхэн гавьяат Н.Халиун, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, СУИС-ийн  Хөгжмийн урлагийн сургуулийн багш, хөгжим судлаач Э.Зулцэцэг, Үндэсний төв номын сангийн захирал,  МЗЭ –ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Б. Ичинхорлоо, “Морин хуур” наадмыг санаачлагч Х. Нарангэрэл нар шүүжээ. 

ВИДЕО