Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Бямбасүрэн: Гуанжоу, Хайнан, Чинду чиглэлд шинэ нислэг нээх асуудлыг ярилцаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-д айлчлал хийх үеэр Бээжин хотноо зохион байгуулагдаж буй “Ази, Номхон далайн орнуудын иргэний нисэхийн асуудал эрхэлсэн сайд нарын анхдугаар чуулга уулзалт”-нд оролцлоо.

Ази, Номхон далайн бүс нутгийн 36 орны сайд, иргэний нисэхийн удирдлагууд,  Олон улсын 8-н байгууллагын нийт 200 гаруй төлөөлөгч оролцсон энэхүү чуулга уулзалтаар иргэний агаарын тээврийн аюулгүй байдал, агаарын навигацийн үйлчилгээ, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, одоо болон ирээдүйд тулгарч болох бэрхшээлийг хамтран шийдвэрлэх гарцыг тодорхойлохоор чуулж байгаагаараа онцлог юм.

Олон Улсын иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлийн Ерөнхийлөгч доктор Бенард Алиу хэлсэн үгэндээ “Энэ удаагийн чуулга уулзалтаар иргэний агаарын тээврийн аюулгүй байдалд голлон анхаарч, бүх талаар хамтран ажиллахад сайд нарын хамтарсан тунхаглалыг гаргаж, бүс нутгийн улс орнуудын иргэний нисэхийн салбарын хөгжлийг улам эрчимжүүлж байгаагаараа онцлог болж байна” хэмээн дүгнэсэн юм.

БНХАУ-ын Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга Фэн Жэнлин “Ази Номхон далайн бүс нутгийн орнууд  эдийн засаг, газар нутаг, хүн амын онцлогоос хамааран өөр өөрийн онцлогтойгоор иргэний агаарын тээврийг хөгжүүлж байна. Энэхүү онцлогийг бид давуу тал болгон ашиглаж, нэгнийхээ сул талыг нөхөн харилцан туршлага солилцож, нэг ч улсыг орхилгүй, Нэг гэр бүл-хамтдаа хөгжинө” зарчимаар зүтгэх нь чухал юм. БНХАУ ч энэ зарчмыг барьж ажиллана” гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж, харилцаа холбоо өргөжин тэлж, гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед тээврийн салбар, тэр дундаа агаарын тээврийн салбар хурдтай хөгжиж байна. Дэлхийг холбох хамгийн хурдан, хамгийн том сүлжээ болох агаарын тээврээр цаашид зорчих зорчигчдын тоо улам өсөх хандлагатай байна.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан бодлого, шийдвэр  стратеги, төлөвлөгөөний хүрээнд бид агаарын навигацийн үйлчилгээнд шинэ техник, технологийг нэвтрүүлэх, ашиглах, агаарын хөлөг хоорондын зайчлалыг багасгах, бүс нутгийн иргэний нисэхийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа уялдуулах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ. Эдгээр ажлуудыг амжилттай хэрэгжүүлснээр нислэгийн аюулгүй ажиллагаа, үр дүн сайжирч, манай улсын дээгүүр нисэн өнгөрөх нислэгийн тоо нэмэгдэж, өнгөрсөн онд анх удаа 100 мянга, зорчигч урсгал 1.2 сая давлаа.

Агаарын тээврийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлага, орчин үеийн навигацийн системийн хөгжил, нислэгийн аюулгүй байдлын олон улсын стандартыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс 2018 онд Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Төрөөс иргэний агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх хүрээнд Монгол Улс агаарын тээврийн салбараа үе шаттайгаар либералчлах, нислэгийн шинэ чиглэлүүд нээх, олон улсын агаарын тээвэрлэгчдийг Монгол Улс руу нислэг үйлдэхийг дэмжиж ажиллах болно.

Цаашид Монгол Улсын Засгийн газраас Иргэний нисэхийн салбар тэр дундаа агаарын навигацийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Олон улсын иргэний нисэхийн байгууллагатай нягт хамтран ажиллаж, агаарын навигацийн үйлчилгээг тэргүүлэх орнуудын жишигт хүргэхээр зорин  ажиллаж байна...” гэдгийг онцлон дурдсан юм.

 Ж.Бат-Эрдэнэ: Агаарын тээврийн салбарыг олон улсын жишигт хүргэхэд гол анхаарлаа хандуулж байна

 

- Урьд нь Иргэний нисэхийн дарга нарын хүрээнд уулзаж асуудлаа хэлэлцэн шийдвэр гаргаж ирсэн бол энэ жил сайд нар анх удаа чуулж байна. Чухам яагаад сайд нарын уулзалтыг хийх болсон юм бол?

-Ер нь дэлхий нийтээр хүн ам хурдтай өсөн нэмэгдэж, харилцаа холбоо улам сайжрахын хэрээр иргэний агаарын тээврийн хэрэгцээ шаардлага улам өсч, техник технологийн дэвшил, түүнийг дагасан зохицуулалт нарийсч байна. Тэр утгаараа агаарын тээврийн шинэчлэл, хөгжил, улс орны нийгэм эдийн засаг болон бүс нутгийн хөгжилд үзүүлж байгаа нөлөө нь ихсэхийн хэрээр Засгийн газруудын хоорондын хамтын ажиллагааг уялдуулах зүй ёсны шаардлага гарсан. Тиймээс илүү үр дүнтэй шийдлийг олох, гүйцэтгэлийг сайжруулах,  дээд түвшиндөө хурдан хугацаанд шийдвэр гаргах гэх мэт асуудлын  хүрээнд анх удаа Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн сайд нарын чуулга уулзалтыг зохион байгуулж байна.

 -Энэхүү чуулга уулзалтаас гарах үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Монгол Улс иргэний агаарын тээврийг хөгжүүлэх, тэр тусмаа нислэгийн аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн хүрээнд оролцоогоо нэмэгдүүлэх, хамтран ажиллах, гаргаж буй бодлого, шийдвэрээ олон улсын стандарт, бодлого чиглэлтэй уялдуулах, агаарын тээврийн салбарт хөгжиж буй орнуудтай  хөл нийлүүлэн алхахад гол анхаарлаа хандуулж байна.

Тухайлбал, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэхэд гол хаалга нь болсон шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад нислэгийн аюулгүй байдал, стандарт, менежмент, орчин нөхцөл гээд бүх талаас нь  олон улсын стандартад нийцэхүйц болгохыг зорьж байна. Үүний тулд бид салбарынхаа суурь асуудлуудыг багцаар нь сайжруулах, цаашлаад иргэний нисэхийн салбараа бүхэлд нь либералчлах, олон улсын иргэний агаарын тээврийн бодлого, стандарт, чиг хандлагатай хөл нийлүүлэн хөгжих, техник технологио сайжруулах шаардлагатай. Үүнд өнөөдрийн чуулганы үр дүн, гаргасан шийдвэр, хамтын ажиллагаа чухал нөлөөтэй гэж харж байна.

Л.Бямбасүрэн: Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаа дэлхийн стандартад хүрэхэд чухал алхам боллоо

 

-Бүс нутгийн иргэний нисэхийн асуудал хариуцсан сайд нарын чуулган анх удаа болж байна. Чуулганы ач холбогдол, манай улсад үзүүлэх нөлөөллийн талаар?

-Иргэний нисэхийн асуудлыг дарга нарын түвшинд хэлэлцдэг байсан бол өнөөдөр анх удаа бүс нутгийн сайд нарын түвшинд хэлэлцэж байна. Энэхүү зөвлөгөөний үр дүнд сайд нар нэгдсэн ерөнхий шийдэлд хүрэх учиртай. Үүнийг өөрийн улсын иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөөтэй уялдуулж ажилласнаар дэлхийн стандартад хүрч, хөгжихөд чухал алхам болно.

-Өнгөрсөн онд бүс нутгийн  ИНЕГ-уудын дарга нарын уулзалтыг манай улс зохион байгуулсан. Чуулга уулзалтын үр дүн иргэний нисэхийн салбарт гарч байна уу?

-Мэдээж гаралгүй яахав. Ази, Номхон далайн орнуудын иргэний нисэхийн дарга нарын хурлыг өнгөрсөн оны намар Монгол Улсдаа зохион байгуулсны үр дүнд бид хоёр хөрш болон Ази, Номхон далайн орнуудын иргэний нисэхийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ нислэгийн чиглэл нээх, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх гэх мэт асуудалд дорвитой алхамууд гарсан. Одоо эдгээрийг хэрэгжүүлэх ажлууд хийгдэж байна.

-Иргэний нисэхийн салбарт ойрын хугацаанд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Монгол Улсаар дамжин өнгөрөх нислэгийн навигацийн аюулгүй байдлыг хангах асуудлаар бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллаж байна.  Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын баримталж буй гол бодлогын нэг болох аялал жуулчлалыг хөгжүүлэх, агаарын тээврийн салбарын либералчлалын хүрээнд нислэгийн аюулгүй байдлыг сайжруулах, бүс нутгийн орнуудтай харилцан нислэг хийх, давтамжийг олшруулахаар уулзалтуудыг хийж байна.

Өнөөдөр БНХАУ-ын Иргэний нисэхийн газрын даргатай уулзаж, цаашид хоёр улсын хооронд хийх ажил, арга хэмжээний төлөвлөгөөг ярилцлаа. Мөн энэ үеэр сайд нарын түвшинд ярилцсан асуудлын дагуу хоёр улс мэргэжилтнүүдийн ажлын хэсэг байгуулахаар боллоо.  Ингэснээр “Хүннү Эйр” компанийн Улаанбаатар, Улаан-Үд, Манжуурын чиглэлд нисэх боломж, цаашлаад Гуанжоу, Хайнан, Чинду чиглэлд шинэ нислэг нээх, “МИАТ” ТӨХК-ийн зуны нислэгийн давтамжийг нэмэх асуудлыг ярилцаж байна.

 

Ази, Номхон далайн иргэний нисэхийн асуудал эрхэлсэн сайд нар анхдугаар чуулга уулзалтын дүнгээр сайд нарын хамтарсан тунхаглалыг гаргалаа.

 

Эх сурвалж: ЗТХЯ