Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Зимбабве цагаан арьст фермерүүдэд газраа 99 жил түрээслүүлэхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өмнөх эрх баригчдын арьс өнгөөр ялгаварласан бодлогыг төгсгөл болгож, цагаан арьст фермерүүдэд газрыг 99 жилийн хугацаатай түрээслүүлэх болсон тухай Зимбабвегийн засгийн газар мэдээлжээ.

Экс ерөнхийлөгч Роберт Мугабэгийн үед газрын шинэ бодлогын хүрээнд тус улсад ажиллаж, амьдарч байсан 4,000 гаруй цагаан арьст фермерээс газрыг нь булааж авсан юм. Тэдний дийлэнх нь Зимбабвегээс явж, үлдсэн 400 орчим фермер өнөөдөр 5 жилээр сунгагддаг газар эзэмших эрхтэй ажиллаж байгаа.

Харин нутгийн хар арьст иргэд 99 жил эзэмших эрхтэй болсон юм.

Одоо тэгвэл арьс өнгө ялгалгүйгээр бүгдэд 99 жилийн газар эзэмших эрх олгохоор болжээ. Газрын асуудал Зимбабвед эмзэг сэдэвт тооцогддог. Колоничлолын үед тус улсын ихэнх үржил шимтэй газрыг цагаан арьстнууд эзэмшиж, нутгийн уугуул иргэд хоосон хоцорсон юм.

Харин 1980 онд колоничлолоос гарснаас хойш 20 жилийн дараа буюу 2000 оноос эхлэн Мугабэгийн засгийн газар цагаан арьстнуудаас газрыг булаах шийдвэр гаргасан байна. Мугабэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард огцорч, шинэ ерөнхийлөгч Эммерсон Мнангагва засгийн эрхийг авсан билээ.

Цагаан арьст фермерүүд шүүхэд хандаж байсан ч бүгд ялагдсан юм. Харин шинэ ерөнхийлөгч тэдний хохирлыг барагдуулах тухай ярих болж, газрыг нь буцаан олгох шийдвэр гаргаж байна.

Энэ нь Зимбабвегийн доройтсон эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэг арга хэмжээ болж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters