Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

2017 онд Монголын газар нутгаас 1,200 гаруй үл хөдлөх дурсгалыг шинээр илрүүлжээ

ikon.mn
2018 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн Антропологи-археологийн тэнхим хамтран “Монголын археологи-2017” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Төв номын санд өнөөдөр болж байна.

ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Улаанбаатарын Их сургууль, Монголын Үндэсний музей, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Ховд Их сургууль, Хэнтий аймгийн музей, Дорноговь аймгийн музей зэрэг 10 гаруй байгууллагын 112, гадаадын хамтрагч байгууллагуудын 89 буюу нийт 201 эрдэмтэн судлаачдын хамтарсан багийн 60 гаруй  илтгэл хэлэлцүүлэх юм.

2017 онд Монгол Улсын 21 аймгийн 71 сумын нутагт үндэсний болон гадаадын их сургууль, музей, хүрээлэнгүүдийн хамтарсан төсөл, судалгааны ажлын хүрээнд 40 гаруй хээрийн шинжилгээний анги ажиллаж олон арван шинэ дурсгалт газар, олдвор хэрэглэгдэхүүн илрүүлжээ.

“МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2017” СУДАЛГААНЫ ОНЦЛОХ ҮР ДҮНГЭЭС

  • “Тамирын голын хүннүгийн соёл” тусгай захиалгат төслийн баг (Ц.Төрбат, Н.Баярхүү, Б.Эрдэнэ нар. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн) Архангай аймгийн Өгийннуур сумын нутаг Тамирын улаан хошуунд Хүннүгийн үеийн 16 булш малтаж, 200 гаруй олдвор эх хэрэглэгдэхүүнийг шинээр илрүүлсэн. Үүний дотор өмнө олдож байгаагүй өвөрмөц хийцтэй, шинэ төрлийн 8 ваар сав, лакан тавга аяганы хэсэг, төмрөөр үйлдэж мөнгөөр бүрсэн бүсний чимэглэл, арал, сувс, төмөр, мөнгөн чимэглэлтэй амгай зуузай, Хүннүгийн түүхэн сурвалжид нэр дурьдагддаг дуут сум, Хүннүгийн олдвор өв соёлын хүрээнд бүртгэгдээгүй ясан бариултай чичлүүр хутга, хүннү нумын хийц загварын талаарх судлаачдын маргааныг эцэс болгохуйц бүтэн нум болон НТ V зууны үеийн Ираны Сасанидын эзэнт улсын Кавад хааны дэлдүүлсэн мөнгөн драхма зоос, зэрэг сонирхолтой олдворууд багтаж байна.
  • Монгол-Японы хамтарсан төслийн багийнхан (Ч.Амартүвшин, Г.Эрэгзэн, Л.Ишцэрэн, нар. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн) Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хар чирх хэмээх газраас НТӨ III-II зуун, Увс аймгийн Түргэн сумын Гүнг хэмээх газраас НТ II-III зуун, Боргочууд хэмээх газраас НТ III-IV зуун, Цагаан морьт хэмээх газраас НТ IV зууны үеийн нүүдэлчдийн үйлдвэрлэлийн түүхэнд холбогдох төмөр хайлуулах зуухны үлдэгдэлийг шинээр илрүүлсэн нь Монгол Улс төдийгүй бүс нутгийн хэмжээнд анх удаагийн чухал нээлт болов. 
  • Монгол-Солонгосын хамтарсан “Соёлын өвийн судалгаа шинжилгээ” төслийн (Г.Эрэгзэн, П.Алдармөнх, С.Энхболд. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн) хүрээнд Төв аймгийн Баянцагаан сумын Чихэртийн зоо хэмээх газарт хүннүгийн үед холбогдох 20 м голч бүхий чулуун дараастай булш (12 м гүн)-ийг малтан шинжилж сүйх тэрэг, алтан чимэглэл, хүрэл болон ясан зэв зэрэг сонирхолтой олдворууд илрүүлсэн нь он цагийн хувьд харьцангуй эрт үед буюу НТӨ III-II зуунд холбогдож байна. Энэ нь цагариг хэлбэрийн чулуун дарааст хүннү булшны он цагийн хамаарал, бүтэц зохион байгуулалтын талаар судлаачдын дунд тогтсон үзэл баримтлалыг эргэн харахад хүргэж байна. 
  •  “Айрагийн гозгор” үндэсний төслийн (Ц.Одбаатар, М.Барс нар, Монголын Үндэсний Музей) хүрээнд Орхон аймгийн Жаргалант сумын нутагт орших Айрагийн гозгор хэмээх дурсгалт газарт малтлага судалгааны ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж АГ89 хэмээн бүртгэгдсэн дурсгалаас хөмөг дотор зүүн хананд шахаж тавьсан банзан авсанд, толгойгоор нь зүүн хойт зүг хандуулсан торго, нэхмэл хувцастай хүний баруун талд нь модон морь, хүний сийлбэр, үхэр тэрэг, жижиг ширээ, шавар ваар, банзан хайрцаг зэрэг эд зүйлсийг дагалдуулсан огт тоногдоогүй булш илрүүлсэн байна. Энэ нь уг цогцолбор дурсгалын холбогдох он цаг, аж ахуй, соёлын харилцан хамаарлын асуудлыг тодруулахад чухал баримт юм. 
  • Монгол-Германы хамтарсан “Орхон” шинжилгээний ангийнхан (У.Эрдэнэбат, Т.Батбаяр. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн) Хар балгасын цайзат их хэрмийн зүүн урд буланд хийсэн малтлагаар Тан улсын үеийн хаад язгууртны “эмгэнэлийн ном” хэмээх хятад бичээстэй цагаан гантиг чулуун самбарын хугархай, шонхор шувууны бүтэн яс зэрэг олдворууд илрүүлсэн байна. Мөн энэ хэсгээс тухайн дурсгалт газрын хамгийн эртний баримт болох маш нягт нямбай давхарлан өрсөн “худаг” мэт байгууламжийг шинээр нээн судалж байна.
  • Монгол-Орос, Монгол-Америкийн хамтарсан Чулуун зэвсгийн экспедиц (Б.Гүнчинсүрэн, Ц.Болорбат, Г.Лхүндэв нар. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн) Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Төлбөрийн голын 21-р суурин, Төлбөр-4,17-р сууринд малтлага судалгааны ажлыг тус тус гүйцэтгэн дээд палеолитын үед холбогдох үйлдвэрлэлийн арга техникийг илэрхийлэх олон арван чулуун зэвсгийн олдвор, өвөрмөц чулуун байгууламжийг илрүүлэн судалж байна. Түүнчлэн тэмээн хяруулын өндөгний ясаар үйлдсэн зүүлт 6 ш, чулуу ба ясаар хийсэн зүүлт 3 ш тус тус дээд палеолитын эхэн болон дунд үед хамаарах (40,000 – 28000 жилийн өмнө)  давхаргаас илэрсэн нь эртний хүний хөгжил, аж ахуй, соёл, сэтгэлгээний ахиц дэвшлийг харуулах нэн чухал баримт юм.
  • Монгол-Америкийн хамтарсан “Увс нуурын сав дахь эртний хүмүүсийн ахуй орчин” төсөл (Т.Түвшинжаргал нар. Монголын Үндэсний Музей) Увс аймгийн Зүүнговь сумын Баян нуурын савд археологийн хайгуул болон малтлага судалгааны ажлыг гүйцэтгэж BN-100 хэмээн бүртгэгдсэн дурсгалаас шавар вааран дотор олон тооны шувууны яс хийж, тахилга үйлдсэн өвөрмөц зан үйлийн илэрхийлэл болох олдворыг илрүүлсэн байна. 
  • Монгол-Солонгосын хамтарсан “Соёлын өвийг судалж хамгаалах” төслийн багийнхан (Н.Батболд, Д.Батсүх нар. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн) “Шивээт хайрхан I” дурсгалт газраас “зүүн хойд зүгт чиглүүлж дээш харуулан тэнэгэр байдлаар малгай болон дээл хувцастай нь оршуулсан” булш илрүүлсэн бөгөөд урьдчилсан байдлаар Сяньбийн үед холбогдох боломжтой хэмээн үзэж байна.
  • Монгол-Японы хамтарсан “Шинэ зуун” төслийн (Б.Цогтбаатар, Л.Ишцэрэн, Г.Батболд нар. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн) хүрээнд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг “Гурван дов” хэмээх хоорондоо зэргэлдээ шороо дэлдэж өндөрлөсөн Дов-1 дурсгалыг үргэлжлүүлэн малтан шинжилж үйсэн бортогонд хийсэн хүүхдийн оршуулга (Булш 6) илрүүлсэн нь дундад зууны үеийн булш оршуулгын өвөрмөц олдвор болно. 
  • “XVII зууны Монголын хотууд” төсөл (С.Чулуун, Ч.Энхтуул. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн) Төв аймгийн Эрдэнэ сумын Сарьдагийн хийд, Булган аймгийн Рашаант сумын Хөгнө Тарнын “Өвгөн хийд”, мөн аймгийн Баяннуур сумын Цогтын Цагаан байшинд малтлага судалгааны ажлыг хийж гүйцэтгэв. Сарьдагийн хийдийн Цогчин дугантай залгаа орших тасалгаанд малтлага хийж язгуурын таван бурхан, гуулин чимэглэл, бурханы модон тавиур зэрэг олон тооны сонирхолтой олдворуудыг илрүүлсэн байна. Мөн Хөгнө Тарна болон Цогтын Цагаан байшингийн бүтэц зохион байгуулалтыг тодруулахуйц шинэлэг баримт мэдээллийг цуглуулжээ.
  • Дундговь аймгийн Үнстийн хийдийн хэмжилт судалгаа ба дижитал баримтжуулалтын ажлыг Соёлын өвийн Үндэсний төвийн судлаачид (Г.Энхбат, З.Оюунбилэг, Г.Бүрэнтөгс нар) Солонгосын мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэсэн байна. Тэд ХБНГУ болон Изриаль улсад үйлдвэрлэсэн 3D лазер хэмжилтийн Leica C10, Mantis Vision F5 зэрэг олон төрлийн шинэ багаж төхөөрөмжийн тусламжтайгаар сүмийн хэмжилт судалгааг хийсэн нь архитектурын соёлын өвийн анхны хэлбэр төрхийг баримтжуулан, хадгалж хамгаалахад шинэлэг ажил боллоо. 
  • Монгол–Японы хамтарсан “Монголын палеолитын судалгаа” төслийн (Б.Гүнчинсүрэн, Б.Цогтбаатар, Д.Базаргүр нар. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн) хүрээнд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг Тарвагатайн аманд малтлага судалгааг үргэлжлүүлэн гүйцэтгэж дээд палеолитын эхэн болон дунд үед холбогдох чулуун зэвсгийн олдворын хамт хүний үйл ажиллагааны ул мөр чулуун багажаар зүсэгдэж сийлэгдсэн байж болох ор мөр бүхий амьтны ясны хугархай, хэлтэрхий олон тоогоор илрүүлсэн нь цаашдын судалгаанд чухал ач холбогдолтой баримт болно.  
  • Улаанбаатарын Их Сургуулийн судлаачдын баг (Т.Идэрхангай, Д.Цэнд, нар. Улаанбаатар Их сургууль) Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Хавцгайтын аманд хадны зургийн судалгааг үргэлжлүүлэн гүйцэтгэж аргаль, буга, гөрөөс, жигүүртэн, ирвэс, адуу, морьтой хүн, нохой, согоо, тамга, тэмээ, тэмээ унасан хүн, тэрэг, үнэг, үл мэдэгдэх дүрслэл, хүн, чоно, янгир зэрэг хүрэл зэвсгийн үе, төмөр зэвсгийн түрүү үе, хүннү, түрэг, кидан, монголын үед хамаарах нийт 658 дүрслэлээс бүрдсэн 234 хадны зургийг бүртгэн баримтжуулж эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан нь судлаачдын сонирхолыг татаж байна. 
  • Газарзүйн мэдээллийн систем ба мэдээллийн сан бүрдүүлэх ажлын хүрээнд геоморфологич, газарзүй геодезийн нарийн мэргэжлийн үндэсний судлаачид (М.Нямхүү) археологийн судалгаанд хамтран ажиллаж Архангай аймгийн Өгийнуур, Булган аймгийн Дашинчилэн, Орхон аймгийн Жаргалант, Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд, Ханхонгор, Номгон, Төв аймгийн Эрдэнэ, Увс аймгийн Сагил, Хэнтий аймгийн Баян-Адарга, Дэлгэрхаан суманд тус тус орших хүрэл, хүннү, дундад зууны үед холбогдох археологийн дурсгал бүхий 16 газарт нарийн хэмжилт, зураглал хийжээ. 

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн 2017 онд 13 аймгийн 48 сумын нутагт археологийн авран хамгаалах хайгуул судалгааны ажил зохион явуулж нийт 1,200 гаруй үл хөдлөх дурсгалыг шинээр илрүүлсэн бөгөөд 4 аймгийн 7 сумын нутагт авран хамгаалах малтлага судалгааны ажил хийж гүйцэтгэжээ. 

 

Эх сурвалж: ШУА