Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Навчаа: Киног маань хүлээх үзэгч байна гэдэг хамгийн том шагнал

О.Эрдэнэчимэг, Үндэсний шуудан
2018 оны 2 сарын 1
Үндэсний шуудан
Зураг зураг

Жүжигчин Б.Навчаа “Амьдрал" хэмээх шинэхэн киноныхоо нээлтийн товыг зарлав. Түүний хувьд “Лардьма” киногоороо хүчирхийллийн эсрэг тод чанга хашхирч, нийгмээсээ түрүүлж алхах уран бүтээлчийн үүргээ биелүүлж чадсан. Харин тэр энэ удаа Монголын маргааш болсон залуучуудад шинэхэн уран бүтээлээ зориулжээ. Түүний ярилцлагыг хүргэе.

-Таны продюсерээр нь ажилласан “Амьдрал” кино нээлтийн товоо зар-лалаа. Ихэнх хүмүүс “Лардьма” киноны хоёрдугаар анги гэсэн хүлээлттэй байна. Гэтэл үргэлжлэл нь биш гэдгийг мэдлээ л дээ.

-“Лардьма” киноны үйл явдал "Амьдрал”-д үргэлжлэхгүй. “Лардьма” кинонд хүн бие сэтгэлийн зовлон амсаж байсан бол ‘‘Амьдрал” кинонд сэтгэлийн зовлон амсах ямар хэцүү вэ гэдгийг харуулсан.

-“Лардьма” киноны зохиолыг нийтлэлч Д.Төрмөнх бичиж байсан. Харин “Амьдрал” киноны зохиолыг түүний охин Т.Номунзул бичсэн гэсэн. Та ер нь зохиолууд дундаас хэрхэн сонголтоо хийдэг вэ?

-“Үүр цайгаасай” кино хийж байхад л үйлийн үрийн тухай кино хийх санаа төрсөн, Өнөөдөр би 40 хүрчихлээ. Энд хүрээд ирэхээр амьдрал аяндаа үйлийн үрийн талаар надад хэлээд өгч байна. Үйлийн үр гэхээр дандаа битгий хараар бодоорой. 20-30 насны залуучууд үйлийн үрийн талаар огт бодохгүй байна.

Бүх зүйл төлөөстэй байдаг гэдгийг огт ойлгохгүй байна. “Эртхэн явдал, санаа бодлоо цэгцэлж, Монгол Улсын иргэн, байх үүргээ биелүүл” гэж залуустаа хэлмээр байна. Бидний нийгмийг авч явж буй хөдөлгөж буй гол хүч нь залуучууд. Гэтэл залуучуудад хүмүүжил гэж зүйл огт алга. Үүний төлөө бид дуугарч байна.

“Амьдрал" кино маань их гүн утгатай кино. Онц сурч, хамгийн сайн боловсрол эзэмшлээ ч хүн болоогүй бол тэр хэн ч биш. Хамгийн дээд боловсрол бол хүмүүжил. Өнөөдөр хүмүүжил гэж зүйл хаягдчихлаа. Хүний эрх л гэж хашхирахаас биш хүмүүн байхын тухай хэн ч ярьж хэлэхгүй юм. Хэтэрхий их эрх чөлөө яриад байхаар залуучууд задгай болоод байгаа юм биш үү гэсэн бодол төрж байна. Хар тамхи, биеэ үнэлэлт дээд цэгтээ хүрч, төрж байгаа эмэгтэйчүүдийн ихэнх нь тэмбүүтэй байна. Харамсалтай биз.

-Үйлийн үрийн тухай бодох боллоо гэлээ. Энэ нь 40 настай хамт ирсэн зүйл гэж болох уу?

-Цаг хугацаа бүхнийг ойлгуулж уучилдаг гэдэг үнэхээр үнэн л дээ. Уран бүтээлч хүний бусдаас нэг онцлох зүйл нь илүү их уншиж судлах, түрүүлж гарч байгаа сайн уран бүтээлийг үзэх, сурч мэдэх, ойлгох гэсэн асар их зүйлүүд байдаг. Тиймээс ертөнцийн олон зүйлийг өөртөө шингээгээд байгаа байх л даа. Тэр утгаараа бага зэрэг ухаажаад байх шиг байна. Их л олон зүйлийг таньж, олон ном уншиж, амьдралыг танихыг хүсэж байна.

Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх ёстой юм шиг байгаа юм. Эргэн тойрноо эергээр харах, жаргамаар байна гэсэн хүсэл зовлонд унагаад байх шиг. Одоогоос хэдхэн жилийн өмнө авна гэсэн гутлаа. авахгүй бол нойргүй хонодог байлаа. Гэтэл одоо тэр гутал надад кайф өгөхөө больчихож. Хүнтэй ярилцахдаа хүртэл нүд рүү нь эгцэлж харж, мөн чанарыг нь илүүтэй танихыг хичээдэг болчихсон байна.

-Таныхаар хүн байхын хамгийн анхны шалгуур нь юу вэ?

-Өөрт байгаа бүхнээ хайрлах хэрэгтэй. Хайр гэдэг их өргөн утгатай. Хариу нэхвэл хайр хэзээ ч биш. Ээж, аав, гэр бүлээ эхлээд хайрла. Анги хамт олон, эх орноо хайрла. Бүгдийг үзэн ядаж, бүгдэд гомдоллох юм бол тэр хайр биш.

-Залуусын хамгийн харуусмаар дүр төрх юу вэ?

-Хоосон хийрхэгчид дэндүү их болчхож. Үргэлж л хүнийг муулсан миалсан үг урсгаж байдаг. Яагаад “болж байна, бүтэж байна” гэж ярьж болохгүй гэж. Хүн аливаа зүйлийг өөрөөсөө эхлүүлэх ёстой. Бусдыг шүүмжлэхээсээ урьтаж өөрийнхөө алдааг засах хэрэгтэй.

-Энэ киногоор та залууст юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Эх хүн байх, үнэнч найз байх ямар чухлыг харуулахыг зорилоо. Хүнд үнэнч байна гэдэг их чухал. Өнөөдрийн манай нийгэмд үнэнч байна гэсэн зүйл алдагдаад удаж байна. Хүн хүндээ үнэнч байх нь ямар сайхан мөн чанар вэ гэдгийг эндээс харах байх.

-Саяхнаас л хүчирхийллийн эсрэг бүх нийтээрээ дуугарч, төр засаг анхаарч байна. Хүчирхийллийн эсрэг нийгмээрээ хашхирахад “Лардьма” кино тодорхой нөлөө үзүүлсэн гэж хардаг.

-“Лардьма” бол хүчирхийллийн эсрэг хүчтэй дуугарсан бүтээл болсон. Уран бүтээл маань чанартай байгаасай гэсэн зарчмыг манай багийнхан баримталж ажилласан. Энэ зорилгодоо хүрч чадсан гэж бодож байгаа. Одоо болтол “Ларьдма” мартагдаагүй, яригдаж л байна, үзэгчид үзэж л байна. Хүчирхийлэл гэдэг цоожтой хаалганы цаана байдаг зүйл. Хүчирхийлэлд өртөж байгаа ихэнх эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байгаагаа яриад байдаггүй.

Зарим хүмүүс ‘‘Лардьма” киног үзэхээр аймар, аймшигтай хэцүү байдаг гэдэг л дээ. Яг үнэндээ бид цус нөж харуулаад аймшгийн зодож нүдүүлээд байгаа зүйл байхгүй. Харин ч бид хаалганы цаана болж байгаа аймшигтай зүйлийг маш их нууж далдалж, цэвэрхнээр харуулсан. Хүчирхийлэл болж байгаа хаалгыг та нээж үзэх юм бол түүнээс илүү цус нөж, муухай үгсийг сонсож, аймшгийн дүр төрх харах болно.

Уран сайхны аргаар үзүүлэхэд аймшгийн байна гэж хэлж байгаа нь Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэл дээд цэгтээ хүрсний илрэл юм. Хэн ч амаа нээдэггүй, хэн нь ч хэндээ хэлдэггүй, хохирогч бүсгүйчүүд нь ч дуугардаггүй байсан. Харин одоо дуугарч эхэллээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдлаа, сошиал ертөнцөөр энэ тухай маш их ярьдаг боллоо. Хажуу айлд нь хүчирхийлэл үйлдэгдэж байвал хөрш нь 102 руу залгадаг болчхож. Өмнө нь тоодоггүй байсан цагдаа нар ч гэсэн тодорхой хариуцлага хүлээлгэдэг болчихсон байна.

Уран бүтээлч хүн нийгмийнхээ түрүүнд алхаж байх ёстой гэдэг. Энэ үүргээ ухамсарлаж үүнийг эрт харж хийсэн болохоор нийгэмдээ цохилт өгч чадсан. Үүнийг л уран бүтээл гэж хэлэх байх.

-Эмэгтэй хүн эр хүнээс хэд дахин илүү тэвчээртэй гэдэгт та итгэдэг үү?

-Эмэгтэй хүн угаасаа эр хүнээс хэд дахин илүү тэвчээртэй. Магадгүй 10 дахин илүү ч байж мэднэ.

-Бүсгүй хүнийхээ хувьд хамгийн их аз жаргалыг мэдэрсэн мөч тань хэзээ вэ?

-Дөнгөж төрсөн үрээ элгэндээ тэврэх л эмэгтэй хүний хамгийн сайхан мэдрэмж гэж боддог. Үүнийг юугаар ч орлуулшгүй. Хорвоо ертөнцийн юутай ч зүйрлэхээ мэдэхгүй байна. Тийм сайхан мэдрэмж. Үүнээс цааших мэдрэмжийг би аваагүй л байна. Гэхдээ шинэхэн үрээ өлгийдөж авах тэр мэдрэмж үнэхээр гоё.

-Үзэл бодол болоод хувь хүн, уран бүтээлчийн хувьд ч гэсэн асар их өөрчлөлт гарах уу?

-Маш их өөрчлөлт гарна. 100 хувь өөрчлөлт гарна гэж хэлж ч болно. Ээж болохоор их ер зөөлөн болдог. Энэ нь уран бүтээл дээр хүртэл илэрдэг. Хаа хамаагүй шалдар булдар бүтээлд тоглож зай завсаргүй л явлаа. Ээж болоод ирэхийн цагт уран бүтээлийн мөн чанарыг таньдаг юм байна. Ер нь эх хүн болохоор цаад мөн чанарыг нь илүүтэй таньдаг болж, цензур тавьж эхэлдэг юм билээ.

-Уран бүтээлчдийг сайн уран бүтээл хийх хүсэл нь үргэлж шаналгаж байдаг байх. Харин та хувь хүнийхээ хувьд юунд илүүтэй шаналдаг вэ?

-Хүн л болсон хойно янз бүрийн л зүйлд шанална. Гэхдээ ээжийгээ л их бодож байна. Яг нэг жилийн өмнө ээжийгээ элэгний хорт хавдар хэмээх аюулт өвчнөөр алдсан.

-Ээжийн тань танд аминчлан захидаг байсан зүйл юу вэ?

-Ээж минь “Хүнийг хэзээ ч битгий муу хэлж бай. Тэр хүнийг өнөөдрөөр нь битгий дүгнэ. Тэр хүн хэн ч байж болно, өнгөрсөнд нь юу ч тохиолдсон байж болно. Хүнийг хүнээр нь ойлгож харьцаж бай. Битгий ялгаж харьц” гэдэг байсан.

-Харин та хоёр охиндоо юуг чухалчлан захидаг вэ?

-Хоёр охиноо сайн хүн болгоё л гэж бодож байна. Маш сайн хүн л байх ёстой. Хамгийн түрүүнд хүн байх нь чухал. Монголчуудын хүмүүжлийн нэг алдаа байдаг. “Тэрний хүүхэд ингээд байхад чи юугаараа дутдаг юм” гэдэг. Хүний хувь заяа гэдэг чинь өөр зүйл шүү дээ. Хүн өөрийнхөө хувь заяаг өөрөө зохиох ёстой. Сайн хүмүүжилтэй хоёр иргэн бэлтгэхийн тулд л хичээж байна.

-Хэрвээ би залуу насандаа эргэж очвол энэ л алдаагаа засаад ирэх юмсан гэсэн бодол байдаг уу?

-Энэ бол хүн болгоны туйлын мөрөөдөл. Гэхдээ харамсалтай нь хэзээ ч биелэх боломжгүй зүйл. Хэзээ ч өнгөрсөнд амьдрахгүйгээс хойш энэ талаар бодож цагаа дэмий зүйлд үрэх нь илүүц. Өнөөдөр өнөөдрөөрөө л амьдрах хэрэгтэй. Өнөөдөр гэдэг цаг хугацааг бид гээгээд байх шиг санагддаг. Маргааш сэрэх үгүйгээ хэн ч мэдэхгүй байж маргаашийг бодож амьдарч яах юм. Өнгөрсөн бол өнгөрсөнд үлдсэн. Харин өнөөдрийн хийж бүтээж буй зүйл сайхан маргаашийг бүтээх эхлэл. Маргаашийн ирээдүйд санаа зовнисон учраас л өнөөдөр “Амьдрал" гэдэг киног бүтээсэн. Шалтгаан нь энэ юм.

-Удахгүй нээлтээ хийх “Амьдрал” кино үзэгчдэд хүлээлт үүсгээд байгаа. Магадгүй энэ таны бүтээлдээ  “сэтгэлтэй” ханддагийн илрэл байх. Дээрээс нь чадварын асуудал ч давхар яригдах нь мэдээж.

-Хүмүүсийн хандлагаас харахад хүлээлттэй байгаа нь мэдрэгдсэн. Бидний хийсэн киног үздэг үзэгчтэй болчхож. Муу юм хийгээгүй юм байна гэдэг маш том шагналыг үзэгчдээсээ авсандаа баяртай байгаа. Биднийг хүлээж байгаа үзэгчид байна гэдэг маш том шагнал. Муу зүйл хийсэн бол хэн биднийг хүлээх юм бэ. “Кино хийхээ болиосой” л гэнэ биз дээ.

-Таны хувьд хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ?

-Янз бүр. Хэрвээ би эр хүн байсан бол аятайхан бие хаатай, их будаггүй, задгай хувцаслаагүй цэвэрхэн эмэгтэй сонирхоно. Энэ бол зөвхөн харагдах байдал шүү дээ.

-“Лардьма” кинонд топ модель Д.Пүрэвсүрэнг урьж тоглуулсан. “Амьдрал” кинонд ч гэсэн гол дүрээ өглөө. Магадгүй та түүнийг “Toп модель” гэсэн өнцгөөс биш биднээс арай өөр өнцгөөр харж гол дүрээ итгэж өгч байгаа байх. Сонголтдоо үнэнч байхад жүжигчин Д.Пүрэвсүрэнгийн юу танд хамгийн их нөлөөлсөн бэ?

-“Лардьма” кинонд анх урихдаа "Toп модель Д.Пүрэвсүрэн” гэдэг нэрийг чинь “Жүжигчин Пүрэвсүрэн” гэдэг нэрээр сольж өгье" гэж санал тавьж байсан. Тэгэхэд “Өө за тэгье" гээд л хүлээж авсан. ‘‘Лардьма’’ киноноос хойш тасралтгүй хамт байна. Энэ кинонд Д.Пүрэвсүрэнтэй хамт ажилласнаар “Би Пүрэвсүрэн гэж хэн бэ” гэдгийг бүрэн утгаар нь таньсан.

Нялх биетэй байсан ч цагийг ягштал баримталж байсан. Дүрээ бичиж, орж байгаа нь одоогийн зарим залуу жүжигчдээс огт өөр. Тийм ч учраас “Ларьдма” дээр ямар сайн тоглосныг харсан л байх. Гэхдээ “Амьдрал” кинонд бүр ч илүү тоглосон. Д.Пүрэвсүрэнг сайхан хүүхэн гэдэг. Санал нийлнэ. Гэхдээ Пүрэвсүрэн бол сайн эзэгтэй, сайн эмэгтэй. Гэрт нь яваад ороход өөрөө гэрээ цэвэрлээд хоолоо хийгээд л байж байдаг. Ар гэрийн бүхий л ажлаа тэр өөрөө зохицуулдаг. Үзэгчид хэзээ ч тэр өнгийг мэдэхгүй.

Харин би тэр өнгийг мэднэ. Далд байгаа бүх өнгийг нь мэддэг учраас би энэ эмэгтэйд маш их хайртай. Д.Пүрэвсүрэнгээс ийм дүр гарч чадна гэдгийг Ж.Сэнгэдорж бид хоёр мэддэг. Тиймээс ч түүнд маш хатуу хэцүү дүр өгдөг. Магадгүй хэн нэгэн энэ зохиолыг уншаад “Д.Пүрэвсүрэн чадахгүй. Драмын театрын энэ л тоглож чадна” гэнэ. Гэхдээ үгүй юм аа.

-Жүжигчин хүнд байх ёстой хамгийн энгийн чанарыг юу гэж тодорхойлох вэ?

-Жүжигчин хүн баримлын шавар шиг л байх ёстой. Ямар ч ‘‘хэлбэр” рүү хувирдаг байх хэрэгтэй.

-Хүмүүсээс хамгийн олон удаа сонсдог таны зан чанарын тодорхойлолт юу вэ?

-Манай Навчаа шударга, алиа хүн гэж их олон хүнээс сонсдог. Яг миний ойр дотны хүмүүс маань зөөлөн хүн гэдэг. Үзэгчид харин хатуу хүн гэж л ойлгодог шиг санагддаг.

Зураг