Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Амиа хорлосон иргэдийн 84 хувь нь эрчүүд, 47 хувь нь ажилгүйчүүд байна

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан амиа хорлолтын тоо хэмжээг харуулсан 2017 оны тоо баримтаар Монгол Улс 100,000 хүн тутамд 28.1 амиа хорлодог гэжээ. Энэ үзүүлэлт нь дэлхийд гуравдугаар байранд орох үзүүлэлт гэж бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тиймээс Монголын нийгэмд чимээгүй тахал болон тархаж буй амиа хорлолтын шалтгаан нөхцөлийн талаар Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын Сургалт, судалгааны төвөөс анх удаа 2017 онд томоохон хэмжээний судалгааг хийсэн юм. Судалгааг УЕПГ-ын сургалт, судалгааны төвийн судлаач, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа гардаж хийсэн талаар ч бид мэдээлж байсан. 

Судалгааны үр дүнг гаргахдаа Монгол Улсад 2012-2016 онд буюу сүүлийн 5 жилд амиа хорлосон 2,055 тохиолдолд харьцуулалт хийж гаргасан байна.

Ингээд "Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлын суурь судалгаа"-ны дүнд гарсан тоо, баримтуудыг хүргэе.

Эрчүүд эмэгтэйчүүдээс 5.2 дахин их амиа хорложээ

График 1 /Амиа хорлосон хүмүүсийн хүйсийн харьцаа/

Хүйсийн харьцааны хувьд нийт тохиолдлын 1,729 нь эрэгтэй, 326 эмэгтэй хүн амиа хорложээ. Жилд дунджаар 346 эрэгтэй, 66 эмэгтэй амиа хорлосон бөгөөд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 5.2 дахин их амиа хорлосон болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл нийт амиа хорлосон иргэдийн 84 хувь нь эрчүүд байна. 

29 хүртэлх насны хүмүүсийн дундах амиа хорлолт өсөх хандлагатай байна

График 2 /Амиа хорлосон хүмүүсийн насны бүлэг/

Сүүлийн таван жилд амиа хорлосон тохиолдлын насны бүлгээр авч үзвэл 10-89 хүртэлх насны хүмүүс амиа хорлосон байна. Дундаж нас нь 33±12.9 байна. 

Насны бүлгийн хувьд авч үзвэл 605 тохиолдол буюу 29.4 хувь нь 10-25 нас хүртэлх, 1,450 буюу 70.6 хувь нь 29-өөс дээш насныхан амиа хорложээ.  

Графикаас үзэхэд 29 хүртэлх насны хүмүүсийн дундах амиа хорлолт жил бүр өсөх хандлагатай бөгөөд 29-өөс дээш насны хүмүүсийн амиа хорлох тохиолдлын тоо буурсаар байна. 

График 2.1 /Амиа хорлосон хүмүүсийн насны бүлэг/

Хөдөө орон нутагт амиа хорлосон тохиолдол илүү байна

График 3 /Амиа хорлосон тохиолдлыг газарзүйн байршлаар нь харьцуулбал/

Сүүлийн таван жилд нийтдээ Улаанбаатар хотод 802, орон нутагт 1,253 амиа хорлосон тохиолдол бүртгэгджээ. Үүнээс үзвэл хөдөө, орон нутагт амиа хорлосон тохиолдол Улаанбаатар хотынхоос 1.5 дахин их байгаа аж.

Харин газарзүйн байршлын хувьд зүүн болон баруун аймгуудад амиа хорлосон тохиолдол бага байна. Нийт 2,055 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 825 буюу 40.1 хувь, Хөвсгөл аймагт 136 буюу 6.6 хувь, Өмнөговь аймагт 105 буюу 5.1 хувь нь бүртгэгджээ.

88 хувь нь өөрийгөө боомилж амиа хоролжээ

Судалгаанаас үзэхэд амиа хорлосон амь хохирогчийн 1,811 буюу 88.1 хувь нь өөрийгөө боомилжээ.

График 4 /Амиа хорлосон арга/

Зарим тохиолдолд тухайлбал өндрөөс унасан, усанд живсэн, галт тэргэнд дайруулан нас барсан тохиолдол нь золгүй явдал эсхүл амиа хорлолт байсан эсэх нь эргэлзээтэй байгаа аж.

Мөрдөн байцаалтын шатанд дээрх тохиолдлыг гадны нөлөөтэй байсан эсэхийг шалгахад анхаарснаас бодит байдал дээр амь хохирогч амиа хорлосон эсхүл золгүй байдлаар амь насаа алдсан уу гэдгийг шалгаж тогтоогоогүй тохиолдлууд байна. Учир нь дээрх тохиолдлуудын 51.7 хувь нь амиа хорлосон амь хохирогч хөнгөн, хүнд зэргийн согтолттой байснаас хамаарч золгүй учрал байж болох магадлалтай аж.

Мөн золгүй учрал, өвчний улмаас амиа алдсан, амиа хорлосон тохиолдол бүрийг ЭХТА-ийн 95 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг практик тогтжээ. 

Дийлэнх нь ажилгүй хүмүүс амиа хорлодог нь тогтоогджээ

Сүүлийн таван жилийн хугацаанд бага, бүрэн бус дунд, бүрэн дунд боловсролтой хүмүүс илүү их амиа хорлосон бол магистр түүнээс дээш боловсролтой хүмүүс маш цөөн буюу 4 тохиолдол гарсан байна. Ажил эрхлэлтийн хувьд дийлэнх нь ажилгүй хүмүүс амиа хорлодог нь тогтоогджээ. Нийт 2,055 тохиолдлоос 966 буюу 47 хувь нь ажилгүй хүмүүс байна.

График 5 /Ажил эрхлэлт/

Амь хохирогчдын дийлэнх нь нээлттэй биш хүмүүс байжээ

Хувь хүний зан төлвийн онцлог, асуудлаа нээлттэй илэрхийлж чаддаг байсан эсэх нь амиа хорлоход нөлөөлсөн байх магадлалтай эсэхийг тогтоох зорилгоор судалжээ.

Амь хохирогчдын:

  • 610 буюу 29.6 хувь нь дуугүй, зожигдуу, найз нөхөд цөөн,
  • 550 буюу 26.7 хувь огцом ууртай биеэ барихдаа муу,
  • 552 буюу 26.8 хувь нь тайван дөлгөөн байсан гэж гэрчийн мэдүүлэгт дурьдсан байна.

Дийлэнх тохиолдолд амь хохирогчид асуудлаа ярьдаггүй, нээлттэй биш байсан нь ар гэрийнхэн болон найз нөхдийнх нь мэдүүлгээр тогтоогджээ.

График 6 /Амь хохирогчийн зан төлөв/