Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэ: Улс орон даяар хийх эсэргүүцлийн жагсаалаа бид маргааш хийдгээрээ хийнэ

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Манай улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Эдгээр нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор шаардлага тавьсан. Бид эрх баригчдаас хариу ирэхгүй бол хоёрдугаар сарын 01-нд жагсаал зохион байгуулна. Үүнтэй зэрэгцээд нийгэмд буруу ойлголт өгөх олон ажлыг эрх баригчдын зүгээс эрчимтэй явуулж байна. Засгийн газрын 100 хоногоор хийгдсэн гэсэн ажлын 70 орчим хувь нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хийгдсэн ажлууд байна. 

Жишээ нь С.Зориг агсны аллагатай холбоотой ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногт хийсэн ажлынхаа тоонд оруулсан байна. Энэ нь буруу. 2016 оны МАН-ын сонгуулийн амлалт дээр өрийг өрөөр дарахгүй гэж байгаа. Гэтэл эрх баригчид энэ амлалтаа хэрэгжүүлэхгүй байна. ОУВС-ийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхдээ улс оронд, иргэдэд хэрэгтэй ямар зүйл байгааг тайлбарлаж чадахгүй байна. 

Эдийн засаг сайжирч байна гэж ярьж байгаа боловч бодитой үр дүнгийн талаар тоймтой мэдээллийг эрх баригчид одоо хүртэл өгөхгүй байгаа. Манай улсын гадаад өр 2.5 тэрбум доллараар нэмэгдсэн. Инфляци 7.8 хувьд хүрчихээд байна. 

Улс орон даяар хийх эсэргүүцлийн жагсаалаа бид маргааш хийдгээрээ хийнэ. Бидний тавьсан шаардлагаас хүн амын орлогын албан татвараас бусад татварыг буулгасангүй. Цаашид нэг удаа жагсаал хийгээд зогсохгүй, улс төрийн шаардлагаа үр дүнд хүрэхийн тулд хариуцлагатай байна" гэлээ. 

Маргааш бид тайван жагсана

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Иргэд нэг л зүйлд бухимдаж байна. Эдийн засаг өссөн гэчихээд яагаад энэ өсөлт иргэдэд мэдэгдэхгүй байгаа юм. Энэ хариултыг бид маргаашийн жагсаалаар нэхнэ.

60 тэрбумын хариуцлага, татварын нэмэгдлийг цуцлах, шатахууны үнээс үүдсэн үнийн өсөлтөд хэн хариуцлага хүлээх вэ зэрэг асуудлыг жагсаалын үеэр бид эрх баригчдад тавина.

Эдийн засаг өссөн гэх мөртлөө Засгийн газрынхан яагаад гадаадад очоод манай иргэдийг ажлуулаач гээд байгаа юм бэ? Өмнөх Засгийн газрын хийсэн 10 ажлыг одоогийн Засгийн газар хийсэн ажилдаа оруулсан. Маргааш бид тайван жагсана" гэв.