Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн крипто валют ирэх сард арилжаалагдаж эхэлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Хоёрдугаар сард өөрийн үндэсний крипто валютыг зах зээлд гаргахаар төлөвлөж байгаагаа Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро зарлажээ.

“Петро” нэртэй шинэ валютын анхны арилжааг хоёрдугаар сарын 20-нд товлож, олборлох төвүүдийг тус улсын их сургуулиудад байгуулж эхэлсэн тухай тэр мэдээлсэн юм. Инфляцийн өсөлт нь дийлдэхээ больсон тул Венесуэлийн засгийн газар мөнгөн дэвсгэртийн хомсдолд ороод байгаа.

Нийслэл Каракас даяар ATM машинууд хоосорч, банкнууд өдөрт хэдхэн центтэй тэнцэх бэлэн мөнгө авах хязгаарыг тогтоожээ.

Олон Улсын Валютын Сан энэ оны эцэст тус улсын инфляцийг 13,000 хувьд хүрнэ гэж тооцоолсон байна.

Төв телевизийн сувгаар хэлэхдээ Мадуро “Петро крипто валютыг яаралтай гаргаж, улс орныхоо оюун санааны, технологийн хүчин чадлыг харуулах цаг боллоо” гэжээ.

“Бид өөртөө хэрэгтэй байгаа гадаад валют, бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлээс олж авахад петро чухал үүрэг гүйцэтгэх юм” гэж Мадуро ард иргэддээ тайлбарласан байна.

Гэвч тус улсын сөрөг хүчнийхэн өөр бодолтой байгаа юм. Үндэсний Ассемблейн санхүүгийн хорооны гишүүн, сөрөг хүчний хууль тогтоогч Хосе Гуэрра “Эцсийн эцэст энэ бол засгийн газрын мэдлийн коин. Олон улсын эдийн засгийн хоригийг алгасах, санхүүжилт олох хэрэгсэл болно гэдэг эргэлзээтэй” гэж ярьжээ.

Венесуэлийн эрх баригчдын төлөвлөгөө ёсоор нэг петро нь тус улсын гол баялаг болох нэг баррель газрын тосоор баталгаажих гэнэ. Гэхдээ энэ нь шууд газрын тосоор солих боломжтой гэсэн үг биш. Нэг петро нь 100 сая хуваагдах боломжтой ба хамгийн жижиг энэ бутархайг нь “mene” гэж нэрлэхээр болсон байна.

Петро крипто валютын тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.elpetro.gov.ve сайтад байрлуулна гэж Мадуро мэдээлсэн юм. Гэвч энэ сайт нь одоогоор ажилд ороогүй байна.

Венесуэлийн үндсэн хуулийн ассемблей өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх дөрөвдүгээр сарын сүүлд зохион байгуулах тухай гэнэт зарласан юм. Үүний дараахан Мадуро өөрийгөө албан ёсны нэр дэвшигчээр зарлажээ.

 

Эх сурвалж: Bloomberg