Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Хар, саарал жагсаалт"-д орох "ТЭНСЭН" авсан Монгол Улсад ЕСӨН сарын хугацаа үлдлээ

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2018 оны 1 сарын 31
Үндэсний шуудан
Зураг зураг

Монгол Улсын гадаад нэр хүнд үе үехэн ганхах болов. Европын холбооны Сангийн сайд нарын хурлаар манай улсын татварын орчныг учир дутагдалтай гэх шалтгаанаар “Хар жагсаалт”-д оруулж орхисон. Харин Засгийн газар, Гадаад хэргийн яам, Сангийн яам уйгагүй хөөцөлдөж, тодорхой шаардлагыг нь хангасны үр дүнд “Хар жагсаалт”-аас мултарсан юм. Тэгвэл дахин нэг аюул хаалга тогшиж байна. FATF буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага манайд зөвлөмж өгч, шаардлага хүргүүлжээ.

Хэрвээ шаардлагыг нь энэ оны аравдугаар cap хүртэл хангаж чадахгүй бол хамгийн муу жагсаалт болох “Хар, саарал жагсаалт’’-д оруулна гэдгийг анхааруулаад байгаа юм. Хатуугаар хэлбэл, тэнсэн харгалзах ял оногдуулаад байна. Хэрэв тус жагсаалтад орвол санхүүгийн системийн гадаад харилцаанд шууд нөлөөлж, түншийн харилцаа зогсонги байдалд орох, хөрөнгө татах боломж буурах буюу хязгаарлагдах, банкнуудын гадаад гүйлгээ зогсох гэх мэт сөрөг үр дагавартай ажээ.

Цаашлаад энэ сөрөг байдал нь эдийн засагт шууд мэдрэгдэж эхэлдэг байна. Тодруулбал, улсын зээлжих зэрэглэл буурч, Засгийн газар болон аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө босгох зардал нэмэгдэх, хөрөнгө оруулалтын зардал өссөнөөр инфляцад сөргөөр нөлөөлөх муу талтай юм. FATF-ийн “Хар, саарал жагсаалт”-д орсныг зарлахад л олон улсын санхүүгийн байгууллагууд тус улс руу шилжүүлсэн мөнгөө шууд татаад эхэлдэг байна.

"Хар, саарал жагсаалт’’-ын арай сул хувилбар болох "Саарал жагсаалт"-д манай улс 2013 онд орж байв. Харин тус байгууллагын шаардлагуудыг биелүүлсний дүнд 2014 онд тус жагсаалтаас гарч байлаа. Тухайн үед Монгол Улсын эдийн засаг харьцангуй тогтвортой, гадаад нэр хүнд сайн байсан учраас нэг их хохирол, чирэгдэлгүйгээр хүндрэлийг даван туулсан юм. Тэгвэл өнөөдөр эдийн засаг эмзэг, гадаад орчин тогтворгүй байгаа үед илүү муу гэгдэх “Хар, саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй байна. Сөрөг үр дагавар нь ч хүчтэй мэдрэгдэх болно гэдгийг албаны хүмүүс сануулж буй.

FATF байгууллагын зүгээс манай улсад энэ оны аравдугаар cap хүртэл хугацаа өгсөн гэж дээр дурдсан. Энэ хугацаанд FATF-aac өгсөн 40 төрлийн зөвлөмжийг дагах шаардлагатай гэнэ. FATF-ийн зөвлөмжөөр найм буюу түүнээс дээш тохиолдолд хангалтгүй, зарим нь хангалттай гэсэн үнэлгээ авсан тохиолдолд эрчимтэй хяналтад ордог байна.

Тус зөвлөмжийг дотор нь техникийн болон үр дүнгийн гэж ангилдаг бөгөөд манайх 50 хувийн шаардлагыг нь хангаж, эрчимтэй хяналтад оржээ. Өөрөөр хэлбэл, “техникийн үзүүлэлт" гэдэг нь тухайн орны хууль, эрх зүйн орчин ямар байгааг нь шинждэг бол “үр дүнгийн байдал" гэдэг нь тухайн улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоо, хууль эрх зүй нь бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг үнэлдэг байна.

Харин манайд хууль, эрх зүйн орчин байгаа ч хэрэгжилт нь хангалтгүй гэдгийг тус байгууллага сануулжээ. Тиймээс ирэх аравдугаар cap хүртэл холбогдох хууль, тогтоомжоо яаралтай батлуулж, амьдралд хэрэгжүүлэхийн тулд олон ажил хийх шаардлагатай болоод байгаа юм байна. Ялангуяа хуульчид, нягтлан бодогчид, нотариатчид, үнэт чулуу болон энэ чиглэлийн худалдаа эрхлэгчдийг харилцагчаа таньж мэдэх эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэх шаардлага гарч ирж байгаа юм.

Иймэрхүү төрлийн хяналтыг зохих төвшинд хэрэгжүүлээгүй байгаа нь манай улсын үнэлгээг доош нь татах гол шалтгаан болжээ. Үүнээс гадна НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудыг энэ ажиллагаанд татан оролцуулах талаар хангалтгүй ажиллаж байна гэжээ.

Тиймээс 2017 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын шийдвэрээр Мөнгө угаах, терроризмтой тэмцэх үндэсний зөвлөлийг байгуулаад байгаа юм. Энэ зөвлөл мөнгө угаах, терроризмтой тэмцэх үйл ажиллагааг бодлогын төвшинд тодорхойлох, салбар дундын харилцан уялдааг хангах, үнэлэлт, дүгнэлт өгөх чиг үүрэгтэйгээр ажиллаж байгаа аж. Тус зөвлөл хууль сахиулах болон банк санхүүгийн гол удирдах албан тушаалтнуудаас бүрджээ.

Мөнгө угаах, терроризмтой тэмцэх үндэсний зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Төв банк Засгийн газрын зүгээс тодорхой ажлууд хийж ахиц гарсан. Өнгөрсөн онд Эрүүгийн хуулийг хэлэлцүүлэх үеэр FATF-ийн зөвлөмжийг өөрчилсөн. Утга санааг нь сулруулсан зүйлүүд гарч байсан. Энэ асуудлаа дахин залруулж, зөвлөмжид заасан хүрээнд нь батлах нь чухал байна. Холбогдох журмуудыг аравдугаар сараас өмнө гаргах яаралтай шаардлагатай” хэмээлээ.

Харин Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзориг “Харамсалтай нь Монгол Улс дэлхийн чиг хандлагаас зөрж яваад шийтгэлээ амсаж байна. Мөнгө угаах ажиллагаа санхүүгийн сахилга бат муутай орон руу чиглэдэг. Бохир мөнгө орж ирэхийн хажуугаар асар хурдан хугацаанд гараад явчихдаг. Санхүү эдийн засгийг асар ихээр савлуулдаг. Бид санхүүгийн салбарт 2017 онд 260 гаруй хяналт шалгалтыг хийсэн.

Европын хөрөнгө оруулалтын банктай хамтраад зохицуулалтын байгууллагынхаа хүмүүст сэжигтэй этгээдийн хэрхэн таних, яаж мэдээлэх талаар мэдээлэл өгч эхлээд байна. Монгол Улс ил тод байдлын тухай хууль баталсан. Бохир мөнгө орох нүх сүвийг бүх сувгаараа хааж байгаа. Даатгалын салбарт мөнгө угаах эсдэл их бий. Дүрэм журмуудаа сайжруулж, цэгцлэх шаардлага байна” гэсэн юм.

Тэгвэл арилжааны банкуудын зарим төлөөлөл “Биднийг гадагшаа хандахаар жишиг орны хувийн банк, улс нь өөрөө асуудалтай, “Саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй гээд хамтарч ажилладаггүй. Банкны удирдлагууд cap болгон нь гадагшаа явдаг. Байнгын тайлбар өгдөг. Тэгээд нөгөө хүмүүсийнхээ хэлж шаардсан зүйлийг ажилдаа хэрэгжүүлдэг. Гадаад валютын гүйлгээний тогтвортой байдал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гэж гомдоллов.

Эцэст нь дүгнэж хэлэхэд Монгол Улс “Хар, саарал жагсаалт”-д орох эрсдэлийн өмнө байна. Энэ эрсдэлээс гарахын тулд төр, засгийн зүгээс есөн сарын хугацаанд олон ажил амжуулах шаардлагатай болоод байгаа юм.

Зураг