Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

"ААН, иргэдээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ирүүлсэн саналуудыг ЗГ-т хүргүүлнэ"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг "Улсын Их Хурлаас байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа хуралдаж, Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлуулсан. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хариуцах эзэнтэй болгохын төлөө ажиллаж байна.

Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа болон, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай  биечлэн танилцаж, санал сонсч, шаргуу ажиллалаа.

Одоо агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын тайлангаа Засгийн газарт хүргүүлнэ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ирүүлсэн санал санаачилга, төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газарт хүргүүлнэ.

Бидний хүргүүлсэн тайлан, зөвлөмжийг үзээд Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах талаар арга хэмжээ авч, хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллах шаардлагатай" гэв.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир "Ажлын хэсгээс Засгийн газарт танилцуулах агаарын бохирдлыг бууруулах санал, зөвлөмжийг бид маш тодорхой, бодит үр дүнд хүргэхэд чиглүүлсэн.

Тухайлбал, Ажлын хэсгээс гаргасан зөвлөмжийн хоёрдугаар заалтад ойрын хугацааны төлөвлөгөөнд бодит үр дүнд хүрэх 3-5 ажлыг тусгаж, 2018 оны 12 дугаар сарын 01-ний дотор агаарын бохирдлыг одоо байгаа хэмжээнээс 50 хувиар бууруулах зорилт тавьж ажиллахыг тусгалаа.

Засгийн газар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ойрын, дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай.

Засгийн газар агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах төсөв, санхүүгийн эх үүсвэрийг олж УИХ-д танилцуулах ёстой" гэж байв.

Ажлын хэсгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 16 асуудлыг тусгасан санал, зөвлөмж гаргаж, арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгах нь зүйтэй гэж үзжээ. Тухайлбал, уг  санал, зөвлөмжид:

  • айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлт нь цахилгаан халаалтын хэрэглээнд хүрэлцэхгүй байгааг анхаарч, шөнийн тарифын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрээ эргэн харах,
  • 100 хувь цахилгаанаар гэр, байшингаа халааж зуухаа буулгасан айл өрхүүдийг дүүргийн тодорхойлолтоор 24 цагийн цахилгааны хөнгөлөлтөд хамруулах,
  • дүүргүүдэд байгаа нам даралтын зуух, галлагаагаар халаадаг хороод албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг төвийн шугамд холбох, тэдгээрийг халааж байгаа зуухуудыг зогсоох,
  • гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүс орон сууцжуулах асуудлыг шийдвэрлэх,
  • шинэ суурьшлын бүс байгуулах асуудлыг хөдөө орон нутгийг дэмжих, хөгжүүлэх бодлоготой уялдуулах асуудлууд тусгагджээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Утааныг асуудлыг улстөржүүлж, ашиг сонирхлын үүднээс хандаж болохгүйг анхааруулахын сацуу агаарын бохирдлыг бууруулахад төр засгаас эхлээд иргэн хүртэл бүх шатанд хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ".

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг "Агаарын бохирдлыг бууруулахад УИХ-ын зүгээс эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллах болсон" гэв.