Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Вашингтон Кремлийн бүх дарга нарыг “хар жагсаалт”-д орууллаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Вашингтоны эрх баригчид Оросын эсрэг ээлжит эдийн засгийн хоригоо зарлалаа. Энэ удаа “Кремлийн жагсаалт” хэмээх хар жагсаалтыг гаргаж, түүндээ ОХУ-ын улс төрийн нэр нөлөө бүхий 114 хүнийг багтаасны дотор засгийн газрын гишүүд бүхлээрээ орсон байна. Бас 96 олигархийг багтаасан жагсаалт гаргажээ.

Тухайлбал ерөнхий сайд Дмитрий Медведев, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Игорь Шувалов, ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга Антон Вайно, гадаад хэргийн сайд Сергей Лавров зэрэг албаны хүмүүс багтжээ.

Мөн Оросын томоохон бизнесмэнүүд болох Алишер Усманов, Сергей Иванов, Роман Абрамович, Олег Дерипаска нар багтсан байна.

Энэ удаагийн жагсаалтад орох хүмүүсийн шаардлагыг улс төрийн өндөр албан тушаалтнууд, нэг тэрбумаас дээш хөрөнгөтэй олигархууд гэж тодорхойлжээ.

Сонирхолтой нь эдгээр хүмүүсийн эсрэг ямар нэг шийтгэл, хориг тавихгүй бөгөөд жагсаалтыг зарлаж сануулсан нь хангалттай гэж Вашингтон үзэж байгаа гэнэ.

Мөн Москватай томоохон зэр зэвсгийн наймаа хийхээр төлөвлөж байгаа улс орнуудын засгийн газарт анхааруулга болгох зорилготой гэжээ.

Жагсаалт нь өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын баталсан эдийн засгийн хоригийн нэг хэсэг болж байгаа юм. 2016 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Москвагийн эрх баригчид нөлөөлсөн гэх дүгнэлтийн үндсэн дээр энэхүү хоригийг баталж байв.

Хар жагсаалтад $1 тэрбумаас бага хөрөнгөтэй бусад хүмүүсийг оруулсан “нууц хавсралт” байгааг Вашингтон мэдэгдэлдээ дурджээ.

 

Эх сурвалж: Russia Today, Associated Press