Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост крипто валютыг бүртгэлтэй дансаар арилжаалж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Зөвхөн жинхэнэ нэрээр бүртгэгдсэн дансаар крипто валютын арилжааг явуулах шинэ журам өнөөдрөөс Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлж байна.

Нэр хаяггүй виртуал дансаар арилждаг байсан явдлыг зогсоосноор мөнгө угаах зэрэг хууль бус ажиллагааг хориглоно гэж эрх баригчид тооцож байгаа юм.

Өмнөд Солонгосын 3 сая орчим иргэн крипто валютын зах зээлд ямар нэг хэмжээгээр хөрөнгө оруулсан гэсэн тоо бий. Тус улсын зургаан арилжааны банк крипто арилжаанд зориулж данс нээж эхлээд байгаа юм.

Ингэснээр гадаадын иргэд болон насанд хүрээгүй хүмүүс Өмнөд Солонгосын арилжааны төвүүдэд нэвтрэх боломжгүй болж байна.

Мөн удахгүй арилжаанаас олсон иргэдийн ашгаас засгийн газар татвар авдаг болох нөхцөл бүрдэж байгаа юм.

Өмнөд Солонгосын банкнууд гол том дөрвөн арилжааны төв болох Bithumb, Upbit, Coinone, Korbit-ийн харилцагчдад л зөвхөн арилжааны данс нээж өгч байгаа тул бусад жижиг, дунд хэмжээний төвүүд хаалгаа барьж болзошгүй байна. Мөн эдгээр дөрвөн төвийн харилцагчдын тоо эрс нэмэгдэхээр байгаа юм.

Крипто валютын арилжааг бүрэн хориглох тухай яриа Өмнөд Солонгост тарсан нь биткоин, этериум зэрэг дижитал валютуудын үнэ ханшид сөргөөр нөлөөлж байв.

Зарим ажиглагчид тус улсад арилжааг хориглолгүй, зохицуулалтын дор дахин эхлүүлсэн нь зах зээлд эерэгээр нөлөөлж болзошгүй гэж үзэж байна.

 

Эх сурвалж: Korea Times