Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хамгийн олон тэрбумтантай гурван салбарт IT багтсангүй

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Tencent группын үүсгэн байгуулагч, Хятадын 2017 оны хамгийн баян хүн Ма Хуатэн

Хятадын хамгийн баян гурван хүний хоёр нь интернэт, онлайн худалдааны салбараас тодорсон байна. Харин нийт тэрбумтнуудынхаа тоогоор тэргүүлж байгаа гурван салбар нь био технологи, үл хөдлөх хөрөнгө, хагас дамжуулагч ба электроникийн үйлдвэрлэл болохыг өчигдөр нийтлэгдсэн судалгааны тайланд харуулжээ.

2017 оны тэрбумтнуудын жагсаалтыг Tencent технологийн компанийн үүсгэн байгуулагч Пони Ма Хуатэн, үл хөдлөх хөрөнгийн Evergrande Group-ын ерөнхийлөгч Шу Жяинь, Алибаба группын Жэк Ма нар 282.2 тэрбум, 260.9 тэрбум, 213.8 тэрбум юаний хөрөнгөөр тус тус тэргүүлжээ.

Жагсаалтыг гаргахдаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын хөрөнгийн зах зээлийн үнэлгээнд үндэслэснээ Жемянь хэвлэлийн компани мэдээлсэн байна. Нэгдүгээрт бичигдсэн Пони Ма Хуатэний хөрөнгө ам.доллараар бол $44.5 тэрбум болж байна.

Эх газрын Хятадын хамгийн баян 1,000 хүн тус бүрдээ доод тал нь 3 тэрбум юаний хөрөнгөтэй буюу нийлээд 12.5 их наяд юаньтай байжээ. Гэхдээ энэ нь Америкийн тэргүүн 159 баяны хөрөнгийн нийлбэрт хүрэхгүй байгаа юм. Блүүмбергийн мэдээлснээр Америкийн 159 хөрөнгөтний баялаг 12.6 их наяд юань ($2 их наяд) болж байгаа аж.

Харин хамгийн олон тэрбумтантай салбараар 105 тэрбумтантай био технологи, 92 тэрбумтантай үл хөдлөх хөрөнгө, 75-тай хагас дамжуулагчийн үйлдвэрлэл багтсан байна.

Эдгээрийн дараа 74 тэрбумтантай химийн үйлдвэрлэл, 55 тэрбумтантай мэдээллийн технологийн салбарууд жагсжээ.

Хятадын иргэдийн амьдрал дээшилж, эрүүл мэнддээ илүү анхаарал тавих болсон нь био технологийн салбарыг “саалийн үнээ” болгож байна гэж тус тайланд өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post