Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Цаначид үндэсний үйлдвэрлэлээ дэмжжээ

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2018 оны 1 сарын 30
Үндэсний шуудан
Зураг зураг

Солонгосын Пёнчан хотод ес хоногийн дараа өвлийн спортын XXIII наадам эхэлнэ. Энэ удаагийн наадамд манай улсаас гүйлтийн цанын төрлөөр хоёр тамирчин оролцох бөгөөд өчигдөр өвлийн олимпод оролцох баг тамирчдад Биеийн тамир, спортын газраас хувцас хэрэглэл гардууллаа.

Гуулин улсад анх удаа болох олимпод цанын олон улсын хэмжээний мастер Б. Ачбадрах, Ч.Отгонцэцэг, дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн тэргүүтэй албаныхан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм.

Өвлийн олимпод оролцох Монголын багийнхны хувцсыг 100 хувь дотооддоо үйлдвэрлэсэн бөгөөд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц “Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор хувцсаа дотооддоо захиалж хийлгэсэн. Ер нь цаашид ч ийм жишгээр ажиллана" гэв. Хүрэм, бэлтгэлийн хослолыг сурагчдын дүрэмт хувцсаар монголчуудад танил болсон “Төмөрт трейд’’ хийсэн бол цүнхийг “Хачхүлэг" арьсан эдлэлийн үйлдвэр, малгай ороолтыг “Нано”-д захиалан хийлгэсэн байна.

Монголын багийн цаначид олимпын эрхийн найман цуврал тэмцээний 15 гараанд гарсан бөгөөд энэ талаар Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал хэлэхдээ “Сүүлийн хоёр жилд манай цаначдын амжилт эрс дээшилсэн. Олон улсын тэмцээн болон В зэрэглэлийн тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авч байна. Өмнө нь олимпод 80-аас хойш байр эзэлдэг байлаа. Харин Пёнчаны олимпод эхний 50-д багтахын төлөө өрсөлдөнө.

Хэрвээ тэгж чадвал 2022 оны олимпод манай цаначид медальт байрын төлөө уралдах боломжтой болж байна гэсэн үг. Зөвхөн цана гэлтгүй өвлийн спортыг төрөөс бодлогоор дэмжмээр байгаа юм. Наад зах нь бэлтгэл хийх гэхээр Хандгайтад байдаг ганц баазыг мөнгөтэй нь хувьчлаад авчихсан. Аргаа барахдаа гадагшаа явж бэлтгэл хийж байна. Тэшүүр ч мөн адил талбайгүй болсон.

Скай резорт дээр хийх гэхэд маш их төлбөр төлнө. Сая cap гаруйн хугацаанд европт бэлтгэл хийж, тэмцээнд оролцоход 290 сая төгрөг зарцууллаа. Өвлийн спортод анхаарал тавиад өгвөл манайд өндөр түвшинд хөгжих боломж байна" хэмээн онцлов.

Харин хоёр дахь олимпын наадамдаа оролцох гэж буй Ч.Отгонцэцэг “Өмнөх алдаагаа давтахгүйг хичээнэ. Ямар ч байсан тэмцээн болох зам дээрээ уралдаад үзчихсэн болохоор амжилтаа ахиулах бүрэн боломжтой. Үүний төлөө хичээнэ” гэв.

Тэгвэл анх удаа олимпод уралдах Б.Ачбадрах “Маш их догдолж байна. Өөрийнхөө хэмжээнд байж болох хамгийн өндөр түвшний амжилтаа үзүүлнэ. Удирдлагуудын хэлсэнчлэн шилдэг 50-д багтах зорилготой” хэмээн ярилаа. Тэднийг дасгалжуулж буй дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнийн хувьд хоёр ч олимпод тамирчнаар оролцсон бол энэ удаа дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Дашрамд сонирхуулахад, өнөөдөр олимпод оролцох баг тамирчдад алтан соёмбот далбаа гардуулах аж.

ОЛИМПОД БЭЛЭН

Пёнчаны олимпод эх орноо төлөөлөн оролцох хоёр цаначин өдгөө Хандгайт дахь цанын баазад бэлтгэлээ базааж байгаа билээ. Тэгвэл тэднийг Монголын үндэсний олимпын хорооны удирдлагууд эргэж, бэлтгэлтэй нь танилцжээ. Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тамирчидтай санал солилцсоноос гадна олимпын эв санааны нэгдлийн тэтгэлгийг гардуулан өгч, Олимпын наадамд Монгол Улсынхаа нэрийг дуурсган амжилттай оролцохыг хүссэн байна.

“Пёнчан-2018" өвлийн олимпын наадмын хөтөлбөрт багтсан, олимпын спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй, олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад Олимпын наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-ноос энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан бөгөөд хөтөлбөрт хамрагдсан дөрвөн тамирчнаас хоёр нь Олимпын наадамд оролцох эрхээ хүртсэн байна.

Манай тамирчдын бэлтгэл боломжийн түвшинд хангагдсан гэдгийг дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ мэдээлжээ. Монголын багийн эхний ээлж ирэх сарын 6-нд, хоёрдугаар ээлж 9-нд Солонгосын Пёнчаны зүг хүлгийн жолоо зална. Энэ удаагийн олимпыг МҮОНРТ-ийн бүрэлдэхүүн болон “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага нар сурвалжлахаар болжээ.

ХАМГИЙН ОЛОН ОРНЫ ХАМГИЙН ОЛОН ТАМИРЧИН ОРОЛЦОНО

2018 оны өвлийн олимпын наадамд 92 орны 2,925 тамирчин оролцохоор болж аль аль үзүүлэлтээрээ дээд амжилт тогтоож байна. Өмнөх 2014 оны наадамд 88 орны 2,858 тамирчин оролцож байсан юм. Малайз, Сингапур, Эквадор, Эритреи, Нигери ба Косово Улсын баг олимпод анх удаа оролцох ажээ. Хамгийн олон хүнтэй тамирчинтай багийн тоонд АНУ-242, Канад-226, БНСУ-аас 144 тамирчин тооцогдлоо.

Эдгээр орны тамирчид наадмын 15 төрөлд хүчээ сорьж, 102 иж бүрэн медаль гардуулна. Энэ удаагийн өвлийн олимпоос эхлэн зургаан төрөл, зайн уралдаан шинээр нэмэгдсэн юм. Үүнд, сноубордын биг-айр эмэгтэй, эрэгтэй төрөл, тэшүүрийн масс-старт эмэгтэй, эрэгтэй зай, мөн кёрлингийн холимог хосын төрөл, уулын цанын багийн төрөл шинээр оржээ. Харин хоёр төрөл олимпын наадмын хөтөлбөрөөс хасагдсан нь сноубордын эрэгтэй, эмэгтэй параллель слаломын төрөл юм.

ОРОСЫН МЭДҮҮЛЭГТ ЭЦСИЙН БАЙДЛААР 169 ТАМИРЧИН БАГТЛАА

2018 оны өвлийн олимпын наадамд оролцох Оросын тамирчдын мэдүүлэгт 169 хүн багтжээ. Энэ тухай Оросын олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Станислав Поздняков мэдээлжээ. Тэрбээр хэлэхдээ “Өвлийн спортын төрлүүдийн үндэсний болон олон улсын холбоодтой хамтран өвлийн олимпын наадамд оролцох Оросын тамирчдын мэдүүлгийг эцсийн байдлаар баталлаа. Үүнд 169 тамирчин багтаж байна.

Харамсалтай нь манай зарим тэргүүний тамирчин энэ жагсаалтад багтаагүй. Манай тамирчид “Оросын олимпын тамирчид” гэсэн нэрээр олимпын наадамд оролцох хэдий ч манай улсаас 169 хүн олимпын тоглолтод оролцож, эх орныхоо нэр төрийг хамгаална. Энэ бол зөвхөн тамирчны тоо. Мэргэжилтнүүд, дасгалжуулагч нартай нийлээд 340 хүний бүрэлдэхүүн олимпын тоглолтод явах бөгөөд энэ жагсаалт бол Олон улсын олимпын хорооноос гаргасан эцсийн шийдвэр юм” гэжээ.

Түүнчлэн 22 дасгалжуулагч, зургаан эмчийг Оросын бүрэлдэхүүнээс хассан байна. Үүнээс гадна 2018 оны өвлийн олимпын наадмын хөгжөөн дэмжигчдэд Оросын далбаа барихыг хориглоно. Учир нь, "ОХУ олимпын наадамд оролцогч улс биш” гэж Оросын телевиз мэдээлж байв. Тэгвэл Оросын олимпын хороо “2018 оны өвлийн олимпын наадамд хөгжөөн дэмжигчдэд Оросын далбааг ашиглахыг албан ёсоор хориглоогүй” гэжээ. Үүнийг ОУОХ-ноос албан ёсоор баталгаажуулав. Өөрөөр хэлбэл, хөгжөөн дэмжигчид Оросын далбаа барьж болно гэсэн үг.

Зураг