Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Солонгосын хоккейн хамтарсан багийн тамирчдад хэлний бэрхшээл тулгарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчанд болох өвлийн олимпийн наадамд хоёр Солонгосын хоккейн хамтарсан эмэгтэй баг өрсөлдөхөөр болсон билээ.

Хойд Солонгосын хоккейчид өнгөрсөн долоо хоногт Өмнөдөд ирж, Ням гарагт анхны хамтарсан бэлтгэлээ хийсэн байна. Гэвч энэ үеэр хоёр талын тамирчид урьдчилан тооцоолж байгаагүй бэрхшээлтэй тулгарсан нь хэлний асуудал байжээ.

Тодруулбал хоккейн спортын үг хэллэгийг хоёр Солонгос өөр өөрөөр нэрлэдэг нь мэдэгдсэн байна. Жишээ нь Өмнөдийн тамирчид англи үгийг солонгос дуудлагатай болгож хувиргасан нэр томьёо ашиглаж байсан бол Хойд Солонгосын тамирчид солонгос хэлээр орчуулсан нэр томьёо хэрэглэж байжээ.

1953 оноос хойш бараг 70 орчим жил тусгаарлагдсан нэг үндэстний хэл ийнхүү өөрчлөгдсөн байна. Хоёр Солонгос уг нь 15 дугаар зуунд зохиогдож, ханз үсгийг орлох болсон хангул цагаан толгойг адилхан хэрэглэдэг.

Хэлний бэрхшээлийг арилгахын тулд албаныхан нэр томьёог харьцуулж бичсэн жагсаалтыг тамирчдад тараасан байна. Мөн Хойд Солонгосын хоккейн нэр томьёог латин үсгээр галигласан жагсаалтыг Өмнөд Солонгосын багийн дасгалжуулагч, Канадын иргэн Сара Муррайд өгчээ.

Гэвч эхний бэлтгэл хэлний асуудлаас болж нэлээд түвэгтэй болсныг эх сурвалжууд мэдээлсэн юм. Хоёр Солонгос хамгийн анх 1991 онд ширээний теннисний хамтарсан багийг Японд болсон дэлхийн аваргад оролцуулахад эмэгтэйчүүдийн баг нь алтан медаль хүртэж байв. Бас 19 хүртэл насны хөлбөмбөгийн хамтарсан баг нь Португальд болсон дэлхийн аваргын хагас шигшээд үлдэж байжээ.

Хойд ба Өмнөд Солонгос нь тус тусдаа гурван үсгээс бүтсэн олимпийн нэршил кодтой. Хойд Солонгосыг PRK гэж тэмдэглэдэг бол Өмнөд Солонгосыг KOR гэдэг. Харин энэ удаагийн хамтарсан хоккейн баг COR гэх кодыг хэрэглэхээр болсон нь франц хэлний Coree (солонгос) гэх нэрний товчлол юм.

Хамтарсан багт Өмнөдийн 23, Хойдын 12 тамирчин багтаж байна. Тэд олимпийн өмнөх бие халаалтын тоглолтыг ирэх Ням гарагт Шведтэй хийх юм.

Хоккейчдоос гадна Хойд Солонгосоос дахин 10 тамирчин Пёнчанд ирэх ба тэд уулын болон гүйлтийн цана, уран гулгалтын төрөлд өрсөлдөнө.

 

Эх сурвалж: AFP