Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп орондоо байхдаа Твиттер сүлжээгээр мэдэгдэл хийдгээ хүлээн зөвшөөрчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагийн үдэш АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Британий сэтгүүлч Пирс Морган нарын ярилцлага Британий ITV сувгаар цацагджээ.

Энэ үеэр Трамп дэлхийг цочроосон мэдэгдлүүдээ орондоо байхдаа, хоол идэж байхдаа твиттер хуудсандаа бичдэг гэдгээ хэлсэн байна. Ялангуяа худалдагдсан мэдээллийн хэрэгслүүдтэй тулалдахын тулд тэр ингэж ажиллахаас өөр аргагүй байдаг гэж тайлбарлажээ.

Цаг завгүй ажилтай байдаг хэдий ч Трамп “орондоо байхдаа, өглөөний цай, өдрийн зоогийн ширээний араас, ер хаа тааралдсан газраасаа мэдэгдлээ бичдэг” гэсэн юм.

“Заримдаа би хэн нэг ажилтандаа хэлж бичүүлдэг. Гэхдээ ихэнхдээ би өөрөө өглөө эрт, эсвэл орой үдшийн цагаар өөрөө бичдэг юм” гэж Трамп Морганд тайлбарлажээ.

Ерөнхийлөгч хүн твиттер сүлжээнд ингэж хурц мэдэгдэл хийх нь хэр зохимжтойг асуухад Трамп “Хэрвээ би ийм замаар олон нийттэй харилцахгүй бол өөрийгөө хамгаалж чадахгүй шүү дээ. Маш олон хуурамч мэдээлэл намайг чиглэж байдаг” гэсэн байна.

Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаар Морганыг асуухад Трамп өөрийгөө АНУ-ын ерөнхийлөгчийн ажилд бие махбодын болоод сэтгэцийн хувьд яг таарах хүн гэж дүгнэжээ.

Британид хийх гэж байсан айлчлалаа хойшлуулсныг нь британичуудын эсэргүүцлээс айсан хэрэг гэх яриа тараад байгаа талаар асуухад Трамп энэ цуурхлыг няцааж “Намайг дэмжигчид танай оронд маш олон байдаг. Тэд миний үзэл бодлыг олон талаар дэмждэгээ илэрхийлсэн захидлыг надад хандаж бичицгээдэг юм” гэжээ.

Тэрээр Британий ерөнхий сайд Тереза Мэйн урилгыг сүүлд авснаа хэлж, ирэх аравдугаар сард Британид төрийн айчлал хийхээ мэдэгдсэн байна.

Британий иргэд Трампыг тус улсад төрийн дээд айлчлал хийхийг сонгогдсон цагаас нь хойш эсэргүүцсээр байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч ч айлчлалын товоо хэд хэдэн удаа хойшлуулсан. Бүдүүлэг зантай түүнийг Британий хатан хаан хүндэтгэлтэйгээр угтаж авах нь зохимжгүй хэрэг гэж ихэнх британичууд үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian