Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бид зөвхөн нэр төдий уриа лоозон болгохгүй

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Улаанбаатар-Хөрөнгө оруулалт" бизнесийн чуулга уулзалтыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Улаанбаатарын Худалдааны Танхим хамтран зохион байгуулж байна. 

Чуулга уулзалт 14:00 цагаас Төрийн ордонд эхэллээ.  

MNB-ийн ШУУД эфирээс  хүлээн авч үзнэ үү.

https://www.facebook.com/iKonNews/videos/782349171950653/

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөтөлбөр, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих энэхүү бизнес уулзалтыг бид 4 дэх жилдээ зохион байгуулж байна. 

Улаанбаатар хот хөрөнгө оруулагчдын хувьд боломж, сонголт юм. 

Хотын зүгээс 2018 оны иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулах жил болгон зарласан билээ. Энэ нь бизнес эрхлэгчдэд бас нэгэн боломжийг нээж байгаа хэрэг юм.

2018 онд нийслэлд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд илтгэл тавилаа. Тэрбээр "Нийслэлийн 2017 оны төсвийн орлого 19.3 тэрбум төгрөгөөр давж биелсэн нь нийслэл, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүн. 

Бид өнгөрсөн жил нийтдээ 340 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийлээ. 

Агаарын бохирдол бүх юмыг муухай харагдуулж байна. Ямар ч гоё гудамж, байшин барьсан утааны цаанаас харагдахгүй байна. 

Тийм учраас хотоос байгаль орчны асуудлаар онцгой анхаарал хандуулна. Үүнд иргэд, ААН-ийн оролцоо их. Бүгдээрээ ойлголцох юм бол утааг арилгаж чадна. Хамтдаа утаанаас гарах хэрэгтэй. Энэ утааны хохирогч нь бид өөрсдөө юм. 

Бид Яармагийг хотын санхүү, засаг захиргааны төв болгоно. Тийм учраас хотын захиргаа Яармаг руу нүүнэ. 

Төвлөрлийг сааруулж болдог гэдгийг бид ард түмэндээ харуулна. 

Авто замын салбарт 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Бид Улаанбаатар хотын III тойруугийн замын ажлыг эхэлнэ. 

Хот тохижилтод онцгой анхаарал хандуулна. Арчаатайхан сумын төв манай захын хорооллоос хамаагүй тохилог байна. 

Эрчим хүчний салбарт олон ажил хийгдэнэ. Улаанбаатар хотод 220 мянган гэр хорооллын айл бий. Энэ айлуудыг цахилгаанаар хангахын тулд хүчдэл сайжруулах ажил хийгдэнэ" гэв.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Өнөөдөр манай Засгийн газрын 100 хоног тохиож байна. Бид энэ 100 хоногийн хугацаанд багагүй зүйлийг хийжээ. Гэхдээ хийх ажил бүр их байна. Манай Засгийн газар гурван тулгуурт хөгжлийн бодлогоо боловсруулж, эрдэмтэн судлаачдаараа хэлэлцүүлж байна. Удахгүй хэрэгжүүлнэ. 

Эхний тулгуур нь бизнес эрхлэгчид, ажилтнууд та бүхэн юм. Хоёр дахь тулгуур нь Монголын төр юм. 

Ийм учраас гурван тулгуурт хөгжлийн бодлогын гол тулгуур нь Монголын бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид" гэв.

УИХ-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх Ц.Мөнхбаяр чуулганд оролцогчдод УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжиллаа.

Тэрбээр "Өнгөрсөн 1 жилийн хугацаанд макро эдийн засгийг сэргээх бодлогыг тууштай хэрэгжүүлсэн жил байлаа. Эдийн засгийн өсөлт урьдчилсан гүйцэтгэлээр 4.9 хувьд хүрч, урт хугацааны зээлжих зэрэглэл сайжирлаа. 

Одоо бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх цаг ирлээ. Энэ бодлогоор тогтвортой бизнесийн орчин бий болно. 

Энэ удаагийн уулзалт нь нийслэл, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дүгнэж үр дүнтэй болно гэж найдаж байна" гэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Улаанбаатар-Хөрөнгө оруулалт чуулга уулзалтад нийгмийн нэн чухал ач холбогдолтой олон чухал хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлэлийн хүрээнд харилцан үр ашигтай хамтран хэрэгжүүлэх гарцыг эрж хайж буйгаараа онцлог. 

Аливаа улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшлийн үндэс суурь нь төрийн урт хугацааны, тогтвортой бодлого, нөгөө талаас баялаг бүтээгчид байдаг. 

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бид зөвхөн нэр төдий уриа лоозон байдлаар гаргадаг явцуу хандлагыг халах шаардлага бий. 

Эдийн засаг, шинжлэх ухааны нарийн тооцоо судалгаатай, хөрөнгө оруулалтын зөв бодлогыг бид гаргаж, харилцан үр ашигтай ажиллах нь чухал. 

Өнөөдрийн чуулга уулзалтаас бид шаардлагатай шийдвэрүүдийг гаргах, олон ургальч санаа гарч, харилцан хамтран ажиллаж, нэгдсэн бодлогоор урагшлах боломж бүрдэнэ" гэв.

Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал Д.Ончинсүрэн "Улаанбаатар хот өдрөөс өдөрт өнгө засаж байгаа энэ үед хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж чадвал улам хурдан хөгжих боломжтой. 

Агаар, орчин, хөрсний бохирдол Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг бөгөөд үүнийг төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор шийдвэрлэх нь чухал юм" хэмээн онцлов.