Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Рожер Федерер их дуулгын 20 дахь түрүүгээ хүртлээ

SPS телевиз
2018 оны 1 сарын 29
SPS
Зураг зураг

Швейцарын домогт теннисчин Рожер Федерер Австралийн нээлттэй тэмцээний зургаа дахь түрүүгээ хүртэж өөрийн замналдаа их дуулгын 20 дахь түрүүгээ хүртлээ. Тэрбээр хамгийн сүүлд 2012 онд Уимблдонд түрүүлснээсээ хойш таван жилийн хугацаанд их дуулгад түрүүлж чадалгүй байсаар өнгөрсөн жил Австралид мөн түрүүлж байсан юм.

Өдгөө 36 настай “Швейцар цаг” хочит Рожер өнгөрсөн жил түрүүлснээс хойш Уимблдонд дахин магнайлсан бол түүний гол өрсөлдөгчдийн нэг Испанийн алдарт теннисчин Рафаэль Надаль Франц болон Америкийн нээлттэй тэмцээнүүдэд түрүүлсэн билээ.

Австралийн нээлттэй тэмцээний энэ жилийн шигшээ тоглолтод Уимблдоны шигшээд учраа таарч байсан Хорватын теннисчин Марин Чиличтэй учраа таарсан юм. Эхний сетэд Рожер 6:2-оор илүүрхсэн ч Чилич үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлж тайбрэкт 7:6 (7:5)-аар дараагийн сетийг өөрийн болгосон юм.

Харин дараагийн хоёр сетэд хоёр тамирчин нэгнээ 6:3-аар хожиж тав дахь сетийн тоглолт гаргасан хэдий ч сэтгэл зүйн давуу тал, туршлагаараа “зэвсэглэсэн” Рожер 6:1-ээр Марин Чиличийг буулган авсан.

Чингэснээр Рожер Федерер их дуулгын 20 дахь түрүү, тэр дундаа Австралийн нээлттэй тэмцээний зургаа дахь түрүүгээ хүртэж алдарт Австралийн Рой Эмерсон болон Сербийн Новак Жокович нарын амжилттай зэрэгцлээ.

Түүнчлэн тэрбээр их дуулгын цомын тоогоороо тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний араас Испанийн Рафаэль Надаль 16, Пет Сампрас 14, Рой Эмерсон болон Новак Жокович нар 12 түрүүтэй бичигдэж буй юм.

Зураг