Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Пёнчаны олимпийн наадамд 4 удаа ашигласны дараа стадионыг нураах шийдвэр гарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Олимпийн наадам зохион байгуулагч хот бүрт тохиолддог хэцүү шийдвэр нь наадмын дараа спортын байгууламжуудыг хэрхэн ашиглах тухай асуудал байдаг.

Ихэнх ийм байгууламжууд олимпийн дараа балгас болон хувирдаг нь нууц биш. Тэгвэл Өмнөд Солонгосын эрх баригчид Пёнчаны олимпийн гол цэнгэлдэх хүрээлэнг шууд нураах шийдвэр гаргажээ.

116 тэрбум вон буюу $109 саяар байгуулсан энэхүү стадионыг ердөө дөрөвхөн удаа ашигласны дараа буулгах юм. Олимпийн нээлт ба хаалт, дараа нь гуравдугаар сард болох паралимпийн наадмын нээлт ба хаалт гэсэн арга хэмжээнүүдэд будаг нь ханхалсан шинэ стадионыг ашиглаад дараа нь шууд нураахаар болжээ.

35,000 хүний суудалтай уг байгууламжийг өөр хэд хэдэн байгууламжийн хамт зөвхөн Пёнчаны өвлийн олимпийн наадамд зориулан байгуулсан юм.

Бусад байгууламжууд болох Гангюны тэшүүрийн ордон (126.4 тэрбум вон), Гангюны мөсөн талбай (106.4 тэрбум вон), Квандоны хоккейн төв (62.7 тэрбум), Жёнсёны уулын цанын төв (203.4 тэрбум), Олимпийн гулгалтын төв (114.1 тэрбум) зэргийн хувь заяаг хэрхэх нь тодорхойгүй байна.

Бас тамирчдыг буулгах Олимпийн хотхоны асуудал шийдэгдээгүй байгаа юм. Эдгээрийг олимпийн дараа хэрхэн зөв зохистой ашиглах олон санааг хэлэлцэж байгаа гэнэ.

Олимпийн түүхэнд эдгээр байгууламжуудыг зөв ашигласан цөөн тохиолдол байдаг. Тухайлбал 1996 оны Атлантын зуны олимпийн стадионыг Атланта хотын бэйсболын багт шилжүүлсэн нь 20 орчим жил ажиллаж байгаа.

Гэтэл 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ, 2016 оны зуны олимпийн гол стадион байсан Бразилийн Рио де Жанейро хотын Маракана хүрээлэн өнөөдөр бүрэн тоногдож, хорхой шавьжны үүр болоод байна.

 

Эх сурвалж: Quartz