Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Израйль улс Африкийн дүрвэгчдийг барьж өгсөн иргэнээ $9,000-аар шагнана

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Израйль улс хууль бусаар эх оронд нь амьдарч байгаа Африк цагаачдыг нутаг буцаах томоохон аян өрнүүлж байна. Энэ хүрээнд тэд энгийн иргэдийг сайн дурын мөрдөгч болгох арга сэджээ.

Израйлийн Хүн ам, Цагаачлалын газар саяхан иргэддээ хандаж, хууль бус цагаач илрүүлэх сайн дурын ажиллагаанд оролцох бүрт гүйцэтгэсэн үүргээс нь хамаарч 30,000 шекель ($8,845) олгох журмаа зарласан байна.

Үүнд цагаачдыг мөрдөх, судлах, баривчлах бүх үйл ажиллагааг багтааж байгаа юм. Сайн дурынхны ажиллагаа ирэх гуравдугаар сараас эхэлнэ. Тэр хүртэл хууль бус цагаачдад сайн дураар Израйлиас явах боломж олгож байгаа юм.

Олгосон хугацаанд сайн дураар Израйлиас гарч явах цагаачид эрх баригчид онгоцны тасалбар, бичиг баримт, $3,500-г бэлнээр олгох гэнэ.

НҮБ-ын цагаачлалын агентлагийн гаргасан тоогоор Израйльд 27,000 Эритрей, 7,700 Судан хүмүүс цагаачилсан байгаа ба цагаачлалын гол шалтгаан нь дайн самуунаас зугтаж яваа юм.

Гэвч Израйльчууд тэднийг эдийн засгийн ашиг сонирхлоор цагаачилж яваа хэмээн тайлбарлаж, нийгмийнхээ “хорт хавдар” гэж нэрлэж байна. Тиймээс 2009 оноос хойш ердөө Эритрейн 10 иргэн, Суданы нэг иргэнийг л албан ёсоор хүлээж авсан байдаг.

Израйлийн энэ хатуу бодлого дотоод, гадаадын хүний эрхийн тэмцэгчдэд хүчтэй шүүмжлүүлж байгаа. Израйлийн 500 эрдэмтэн, 35 зохиолч засгийн газартаа хандаж, дүрвэгчдийг буцаахгүй байхыг уриалж байв.

Тэд цөөн тооны дүрвэгчид Израйлийн эдийн засагт хор хүргэхгүй гэж үзэж байгаа юм. Зарим жүүдийн шашны зүтгэлтнүүд дүрвэгчдийг нууж, хаацайлахаа илэрхийлээд байгаа. Тэд дэлхийн хоёрдугаар дайны үед Европт хавчигдан гадуурхагдаж байсан жүүдүүдийн түүхтэй энэ явдлыг харьцуулж байна.

НҮБ мөн Израйлийн эрх баригчдад дүрвэгчдийн эсрэг хатуу бодлогоо эргэж харахыг анхааруулаад байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz