Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхшүр, Н.Мөнхшүр: Бид Гиннесийн номонд бичигдэхээр болсонд маш баяртай байна

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд манай улсын ихэр тамирчид болох Олон улсын хэмжээний их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдэхээр болсон билээ.

Тэд Ой тогтоолтын  спортоор хичээллээд дөнгөж нэг жил гаруй болж байгаа ч ийнхүү дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа юм. Ингээд ихэр охидтой ярилцсанаа хүргэе.

- Юуны өмнө та хоёрт баяр хүргэе. Гиннесийн номонд бичигдэж байна шүү дээ. Ямар төрлөөр рекордыг нь эвдэж, энэ амжилтыг гаргав?

- Энхшүр: Баярлалаа. Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд хоёртын тооллын төрөлд 30 минутанд 5,445 цифр цээжилж, дэлхийн рекорд эвдсэн. Харин Мөнхшүр маань нэг цагт багц хөзөр цээжлэх төрөлд 37 багц буюу 1,924 хөзөр цээжилж, дэлхийн рекорд эвдсэн бөгөөд бидний энэ амжилт Гиннесийн номонд бичигдэхээр болсонд маш баяртай байна.

- Ой тогтоолтын спорт дотроо хэдэн төрөлтэй вэ?

- Мөнхшүр: Ой тогтоолтын спорт нь харааны болон сонсголын чадвар шалгасан 10 төрөл байдаг. Тэмцээнд оролцож буй тамирчид бүгд энэ 10 төрлөөрөө өрсөлдөх ёстой байдаг.

- Та хоёрын хувьд ой тогтоолтын спортоор хичээллээд удаагүй гэж байсан. Энэ хугацаанд ямар амжилтууд гаргав?

- Мөнхшүр: Бид хоёр энэ спортоор хичээллээд жил гаруй болж байна. Хамгийн анхны том тэмцээн бол 2016 онд болсон ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Тэр үед өсвөр насны ангилалд орж, хоёулаа дэлхийн рекордыг эвдэж, би өсвөр насны дэлхийн аварга болсон.

Харин 2017 оны наймдугаар сард Хонконгд болсон Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хоёулаа эхний нэг, хоёрдугаар байр эзэлж, Ази тивийн аварга, дэд аварга болсон. Дараа нь арванхоёрдугаар сард болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  орж, насанд хүрэгчдийн дэлхийн аварга боллоо. 

-Аливаа зүйлийг тогтоож, цээжлэхэд их анхааралтай байх хэрэгтэй шүү дээ. Тэмцээнд оролцохдоо хэрхэн анхаарлаа төвлөрүүлдэг вэ? Сандардаг уу?

-Энхшүр: Энэ спорт бол анхаарал маш их шаарддаг. Тийм учраас  тэмцээн эхлэхээс өмнө  аль болох сандрахгүй байж, өөрийгөө тайвшруулах ёстой. Гадны дуу чимээнээс тусгаарлах тусгай чихэвч зүүдэг нь анхаарлаа төвлөрүүлэхэд хэрэгтэй байдаг.

- Анх та хоёрыг хэн энэ спортод хөтлөв? Өөрсдөө багаасаа юм цээжлэх сонирхолтой байв уу?

- Энхшүр: Бид хоёр багаасаа шүлэг, дуу цээжлэх их сонирхолтой байсан. Олон төрлийн дугуйланд  явдаг, мөн хичээл ихтэй байдаг байсан. Ой тогтоолтын спортоор хичээллэх цаг зав байдаггүй байсан. Ингээд 12 дугаар ангиа төгсөх жилдээ энэ спортоор хичээллээд үзье гэсэн сонирхолдоо хөтлөгдөн сургалтанд суусан. 

- Өөр ямар дугуйланд явдаг байсан бэ? Ой тогтоолтоос өөр юунд сонирхолтой вэ?

- Энхшүр: Багаасаа урлагаар хичээллэдэг байсан. Таван настайгаасаа эхлээд уран нугаралт, ардын бүжиг, морин хуур, хулсан хуураар хичээллэсэн. Бид хоёрын сонирхол яг л ижилхэн. Чөлөөт цагаараа зураг зурах дуртай. 

 
Гэрэл зургийг mpa.mn

- Сая болсон дэлхийн аваргын тэмцээнд хэдэн орны тамирчидтай өрсөлдсөн бэ. Ер нь ямар улсын тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгчид вэ?

- Мөнхшүр: Индонез улсад болсон тэмцээнд 21 гаруй орны 150 орчим тамирчин, Хятад улсад болсон тэмцээнд 320 тамирчин оролцсон. Хамгийн хүчтэй өрсөлдөгчид гэвэл Америк, Швед, Хятадын тамирчид юм. 

- Тэмцээнд явах зардлыг хэн гаргадаг вэ? 

- Мөнхшүр: Ой тогтоолтын тамирчид маань өөрсдөө зардлаа даадаг.  Харин биднийг энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд оролцоход Монголын оюун ухааны академи, Улаанбаатар төмөр замын хамт олон тусалж, дэмжсэн. 

- Ой тогтоолтын спортоор ер нь хүссэн хүн болгон хичээллэж болох уу?

- Энхшүр: Энэ асуултыг олон хүн асуудаг. Бүх насны хүн ой тогтоолтын спортоор хичээллэх боломжтой. Хүний тархи бол боломжгүй зүйлийг бүтээдэг гайхамшигтай эрхтэн. Бусад спортыг бодвол маш өргөн цар хүрээтэй учраас бүх хүнд нээлттэй гэж хэлмээр байна. Харин амжилт гаргах эсэх нь тухайн хүний хичээл зүтгэлээс шалтгаална.

- Монголчууд ой тогтоолтоороо бусад орноос илүү юу?

- Мөнхшүр: Монголын баг тамирчид оролцсон тэмцээн болгоноосоо ганзага дүүрэн ирдэг. Бусад орны тамирчид “Анх удаа оролцож байгаа шинэ тамирчид нь хүртэл бүгд медаль аваад буцах юм. Яаж ингэж амжилт гаргаж байна вэ? ” гэж асуудаг.  Энэ нь монгол хүний аливаа зүйлийг хурдан хүлээж авдаг чадвартай холбоотой байх гэж бодож байна. 

-Та хоёр хаана сурдаг вэ? 

- Энхшүр: Бид хоёр Бээжин их сургуульд сурч байна.

-Ой тогтоолтын спортоор хичээллэснээр та хоёрын амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?

- Мөнхшүр: Хичээл хийхэд маш дөхөм байдаг. Жишээ нь, гадаад хэл сурч, үг тогтооход амархан байдаг, аливаа зүйлийг их хялбархан хүлээж авдаг болсон.  Бид одоо Англи, Хятад хэл сурч байна. Тэмцээнд яваад хичээлээсээ хоцорсон тохиолдолд хурдан нөхөж, түвэггүй сурдаг.

- Та хоёр их адилхан юм аа? Тэмцээнд оролцож байхад ч юм уу андуурах тохиолдол гарч байна уу?

- Мөнхшүр: Анх андуурах тохиолдол гардаг байсан. Гэхдээ ой тогтоолтын тэмцээнд хүний нэр, зүс царайг тогтоох төрөл байдаг. Тийм учраас тамирчдад бид хоёрыг ялгахад бэрхшээл гардаггүй байх гэж бодож байна.

- Цаашдын зорилго юу вэ? Ой тогтоолтын спортоороо хэр удаан хичээллэх вэ?

-Мөнхшүр: Бид хоёр ой тогтоолтоор хичээллээд удаагүй байна. Тиймээс цаашдаа энэ спортоороо үргэлжлүүлэн хичээллэж, амжилтаа ахиулахын төлөө хичээх болно.

- Цаашид илүү их амжилт гаргаж, Монголынхоо нэрийг өндөрт өргөхийг хүсье. Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.