Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

А.Намуун, iKon.mn
2018 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Дорноговь аймагт ажиллалаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, орон нутгийн асуудлаар санал солилцов. Дорноговь аймаг 2017 оны эцэст 70 мянга орчим иргэнтэй болж, хүн ам нь өссөн байна. Мөн иргэдийн 30 орчим мянга нь зээлтэй, эдгээр зээлийн 60 гаруй хувийг хэрэглээний зээл эзэлдэг байна.

Ерөнхийлөгч аймгийн нийгэм, эдийн засгийн мэдээлэлтэй танилцсаны дараа аймгийн “Саран хөхөө” театрт иргэдтэй уулзлаа.

Төрийн тэргүүн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Дорноговь аймгийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би Улаанбаатар хотын долоон дүүргийн иргэдтэй уулзаж, одоо орон нутгийн иргэдтэй уулзаад явж байна. Нийслэлийн дүүргүүд, аймаг, сум бүр өөр өөрийн асуудалтай байна. Тэдгээр асуудлыг сонсож, УИХ, Засгийн газарт хүргүүлэх зорилготой уулзалт хийгээд явж байгаа юм.

Иргэд олон сонгууль өгөөд 30-аад жил болж байна. Амьдрал ямар байгааг бид өөрсдөө мэдэж байгаа. Сонгуулийн өмнөх амлалт, сонгуулийн дараах байр байдал болон цаашдаа яах тухайгаа бид ярьж хэлэх нь зөв байх. Ингээд уулзалт эхэлснийг мэдэгдэж байна” гээд иргэдтэй уулзаж ярилцав.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р багийн иргэн Б.Цогоо 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдсон иргэдийг төлөөлж дуугарах цорын ганц эрх бүхий өндөр албан тушаалтан. Бусад албан тушаалтан нь тодорхой нэг тойргоос, тодорхой нэг хурлаас сонгогддог. Өнөөдөр би Засаг барьж байгаа эрх баригч намын мөрийн хөтөлбөрийг нэхмээр байна. Миний гарт мөрийн хөтөлбөр нь байна. Татварыг нэг хувь болгоно гэж МАН амласан. 30 амлалт нь надад бүгд байна.

Түүвэрлээд ганц нэгийг л уншихад шатахууны үнийг бууруулахын зэрэгцээ, улс даяар ижил үнэтэй болгоно гэсэн. Мөн хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно, өндөр хүүтэй зээл авахаас татгалзана зэргээр амласан байна. Би улс төрийн шинж чанартай амлалтыг хэлэхгүй байгаа шүү. Тэнд суугаад амлалт өгсөн хүмүүсийг би одоо ойлгохгүй байна.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р багийн иргэн Н.Гантулга

 

ОУВС гэж сүржин нэртэй байгууллага Монголын төрийг удирдан залж байна. Монголын нийт баялгийн 80 хувь нь эрх бүхий 30 гэр бүлийн эдийн засгийн алуурчдын гарт орчихоод байна. Төр өөрөө асуудлаа шийдэж чадахгүй, ОУВС-тай зөвшилцөнө гэж юу яриад байгаа юм бэ. ОУВС-гаас татварын орчноо сайжруул гэж зөвлөснийг нь өнөөдөр есөн төрлийн татвар нэмэх юм шиг харагдуулж байна.

Энэ хөтөлбөрт хамрагдахаас өмнө эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийнхээ асуудлыг судалж үзэхгүй яасан юм бэ. Өнөөдрийн зураглалаар Засгийн газрын дээр ОУВС сууж байна. Дээрээс нь Замын-Үүдийн сургуулиудад хятад хэлний хичээл ордог болж. Хоол хүнс, хувцас хунар нь бүгд Хятад улсаас шууд хамааралтай болж байна. Үүнд их санаа зовж байна.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн иргэн Г.Баярням

 

Ерөнхийлөгч улс орон даяар явж иргэдийнхээ дуу хоолойг сонсож байгаад талархаж байна. Эдгээр уулзалт үр дүнгээ өгөөсэй гэж хүсэж байна. 2016 оны УИХ-ын үр дүнд байгуулагдсан Засгийн газар болон дахин байгуулагдсан Засгийн газрын шийдвэрүүд нийгмийн дунд маш их бухимдал үүсгэж байгаа.

Тэр дундаа, төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан тухай бичлэг ил болсон. Энэ бичлэг эвлүүлэг биш нь тогтоогдсон. Энэ асуудал чимээгүй болчихлоо. Төрийн эрхийг хууль бусаар авах үйлдэл нь төрийн эсрэг гэмт хэрэг. Энэ бол эх орноосоо урвасан хэрэг. Үнэхээр эх орноосоо урвагч мөн үү гэдгийг шүүхээр тогтоолгомоор байна. Энэ хэвээр байх юм бол дараа дараагийн сонгуульд муу жишиг тогтоно шүү дээ.

Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн

 

Тээр жил та Сайншандын хойд талд төмөр зам байгуулна гэж ирээд нээлт хийсэн. Бид тухайн үед таныг алга ташаад угтаж байсан. Тэр төмөр замын бодлогыг бид дэмждэг. Тэр төмөр замын ажил одоо үнэхээр чухал санал байсан нь батлагдаж байна. Танд их баярлаж байгаа. Гэхдээ намрын бороонд хөрс нь доошилж, хаврын салхинд үлээгдэх гээд байгаа тул энэ ажлаа шийдэж өгнө үү гэж хүсмээр байна. Энэ зааланд байгаа хүмүүс ажлын байр, орлого л хүсэж байна. Тийм учраас та хугацааг нь урагш татаж байгаад үйлдвэрийн ажлаа хийж өгөөч гэж хүсмээр байна.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6-р багийн иргэн Б.Мөнгөнсор

 

“Чихгүй, нүдгүй төр засаг арай л дэндэж байна. Эрх ашгаа хамгаалсан эрх баригчид эх захгүй хуулиа болих хэрэгтэй. Одоо цагийн хүүхдүүд ямар өндөр сэтгэхүйтэй билээ. Гэтэл 60 гарсан багш нараар хичээл заалгаад сууна гэж үү. Олон хүүхэдтэй би гэхэд л тэтгэвэрт гарч чадахааргүй болчихоод байна. Энэ тэтгэвэр гэдэг юмыг би авч идэж, үр хүүхдүүдтэйгээ хуваалцаж чадахгүй л үхэх юм шиг байна.

Өчнөөн олон хүн оффшорт данстай гэж байхад ард түмнийхээ халаасанд гараа дүрчихээд байгаа төрийнхөн ард түмнээс ичих хэрэгтэй.  Ард түмэн чихгүй, нүдгүй биш. Бүгдийг харж сонсож байгаа. Та бүхнийг сонгосон юм  чинь тарааж бас чадах байх шүү. УИХ-ын гишүүд минь юмыг бодож суугаач гэж хэлмээр байна” гэлээ.

Иргэд аймаг, орон нутгийн болоод бусад асуудлаар санал бодлоо хуваалцсаны дараа Төрийн тэргүүн иргэдийн асуултанд хариулж, Монгол Улсын хөгжлийн талаар баримталж буй бодлогоо танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзана.

 

Эх сурвалж: ЕХМА