Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дарханы дулааны станцын шинэчлэлд шаардлагатай нэмэлт зээлийн хэлэлцээр холбогдох хуулийн төслийг баталлаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон бусад зургаан хуулийн эцсийн найруулгыг сонсож, Эрчим хүчний үр ашиг хөтөлбөрийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн хүрээнд 2012 оноос ХБНГУ-ын Сэргээн босголт, хөгжлийн банкны 10.5 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын Засгийн газрын 2.85 сая еврогийн хөрөнгө оруулалт, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр “Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байгаа. Уг төсөл нь Дарханы дулааны цахилгаан станцын суурилагдсан 48 MВт хүчин чадлыг шинээр 35 MВт-аар нэмэгдүүлж, төвийн бүсийн 10-15 жилийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгоход чиглэж байгаа аж.  

Төслийн I шатны санхүүжилтийн хүрээнд уурын турбин, турбогенератор, турбины хяналт удирдлагын систем болон өргөтгөлийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч, турбины өргөтгөлийн барилга, турбингенераторын суурийн нэг, хоёрдугаар үе, эргэлтийн усны насос станцын барилга, хөргөгч цамхаг барих зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.

Гэвч төслийг 2018 онд бүрэн хэрэгжүүлж дуусгахад нийтдээ 11 сая еврогийн санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд энэхүү нэмэлт санхүүжилтийн Монголын Засгийн газрын санхүүжилтийн хэмжээ 6.5 сая евро, үүнээс 1.5 сая еврог төсвийн санхүүжилтээр шийдвэрлэж, үлдэх 5.0 сая еврог ХБНГУ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2016 оны арваннэгдүгээр сард зохион байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохиролцсон байна.

Нэмэлт 5 сая еврогийн санхүүжилт нь “Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөр”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээний хүрээнд 30 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй, 10 жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй байхаар талууд харилцан тохиролцжээ.

Дарханы дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлээд цаашид станцыг өргөтгөх шаардлага бий гэдгийг гишүүд хэлээд Засгийн газар энэ чиглэлээр ямар ажил төлөвлөж байгааг сонирхов. Төслийг хэрэгжүүлсний үр дүнд бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг 10-15 жил найдвартай хангах нөхцөл бүрдэж байгааг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлээд станцыг цаашид өргөжүүлэх нь байж болох шийдлийн хувилбар мөн гэв.

Ингээд Эрчим хүчний үр ашиг хөтөлбөрийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 82.7 хувь нь дэмжин баталлаа.