Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос Оросоор дамжуулан хулгайгаар нүүрс гаргаж байсан нь илэрчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд Хойд Солонгосын нүүрс Оросын боомтоор дамжин Өмнөд Солонгос, Японд зарагдсаныг баруун Европын гурван орны тагнуулын байгууллагууд илрүүлжээ.

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгост хориг тавьсны улмаас Хятад улс нүүрсний импортыг нь хориглосон юм. Харин Пёньяны дэглэм өнгөрсөн онд доод тал нь гурван удаа Оросын Находка, Холмск боомтуудаар дамжуулж нүүрсээ гаргаж байжээ.

Ингэхдээ ОХУ-ын боомтуудад далайгаар хүргэсэн нүүрсээ өөр ачааны хөлөгт шилжүүлж ачаад Өмнөд Солонгос, Японы зах зээлд хүргэж байсан гэнэ.

АНУ-ын тагнуулын байгууллага ч гэсэн энэ мэдээллийг баталсан байна. Дипломат харилцаанд нь аюул учрахаас болгоомжилж, нэрээ нууцалсан Европын тагнуулын эх сурвалж “Оросын Находка боомт Хойд Солонгосын нүүрсний тээвэрлэлтийн гол зангилаа болоод байна” хэмээн ярьжээ.

Өнгөрсөн Лхагва гарагт АНУ-ын эрх баригчид Хойд Солонгосын нүүрсийг Холмск боомтод есдүгээр сарын 5-нд тээвэрлэж байсан UAL Ji Bong 6 ачааны хөлгийн эзэмшигч компанийг эдийн засгийн хоригийн хар жагсаалтад оруулсан юм. Энэ удаа нийт 9 компани, 16 хувь хүн, Хойд Солонгосын зургаан хөлөг онгоцыг хоригт нэмж оруулжээ.

Одоо сэтгүүлчид Хойд Солонгосоос Оросын боомтуудад буулгасан нүүрсийг хаанахын ямар хөлөг дахин ачиж, Өмнөд Солонгос, Японд хүргэсэн, тэд Хойд Солонгосын нүүрсийг тээвэрлэж байгаагаа мэдэж байсан эсэхийг судалж байгаа гэнэ.

“Хятадын тал нүүрсний нийлүүлэлтийг нь зогсоосны дараа Хойд Солонгосын хулгайн тээвэрлэлтийн зам нь Оросын боомтууд болсон” гэж дээрх мэдээллийг өгсөн Европын тагнуулын эх сурвалж баталжээ.

Өнгөрсөн сард Оросын хөлгүүд далай дунд хөлгөөс хөлөгт шилжүүлэх замаар нефтийн бүтээгдэхүүн нууцаар Хойд Солонгост нийлүүлж байгаа тухай Ройтерс бас мэдээлж байсан юм.

 

Эх сурвалж: Reuters