Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

НЭГДҮГЭЭР САРЫН 28: Буруу удирдахын нэгэн туршилт

ikon.mn
2018 оны 1 сарын 28
iKon.MN
 

 -Хэнри Фордын амьдралын амжилт, уналт, түүний компанийн сэргэн мандалт зэргийг буруу удирдахын нэгэн туршилт гэж хэлж болохоор санагддаг-

Хэнри Фордын амжилт, уналтын түүх мөн түүний компанийг ач хүү Хэнри Форд II хэрхэн дахин сэргээсэн түүх олонтаа яригддаг. Харин энэ сэтгэл хөдөлгөсөн түүхийг хувь хүний амжилт, алдааны түүхээс илүү зүйл өгүүлдэг гэдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Энэ бол буруу удирдахын тухай түүх юм.

Өвөг эцэг Фордын уналт нь түүний компанид менежерүүд болон менежмент хэрэггүй гэсэн итгэл үнэмшлээс нь болсон билээ. Түүнийхээр бизнест эзэмшигч болон туслахууд нь байхад л хангалттай байв. Тэр үеийн Фордтой хамт Америк болон бусад улсуудад бизнес эрхэлж байсан хүмүүсээс Фордын ялгарч байсан зүйл нь тэрээр энэ итгэл үнэмшилдээ үнэхээр үнэнч байжээ.

Иймдээ ч тэр чадварлаг ажилтнуудаа менежерийн үүрэг гүйцэтгэж, шийдвэр гаргах эсвэл Фордын зөвшөөрөлгүй ямар нэг ажил хийхэд нь шууд халах байдлаар амьдрал дээр хэрэгжүүлдэг байсан нь аливаа таамаглалыг шалгаж үзэлгүй шууд няцаахтай адил байсан юм.

Фордын энэ түүхийг онцгой бас чухал болгосон зүйл бол Форд өөрийн арга барилаа туршиж үзэхээр хангалттай урт насалж, мөн итгэл үнэмшлээ баталгаажуулах олон тэрбумын хөрөнгийг хураасан байсан билээ.

Фордын уналт нь түүний зан араншин, муухай аашнаас болсон юм биш, харин менежер болон менежментийг няцааж тэдний үүргийг даргын тушаалаар гүйцэтгүүлэх гэсэн зөрүүд зангаас нь болсон юм.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Та ажилтнуудаа жирийн туслах мэт үзэж ханддаг бизнес эрхлэгч мөн үү? Удирдлага нь тань таныг туслах ажилтан мэт үзэж ханддаг уу? Хэрвээ ажилтнууд илүү хариуцлага хүлээдэг болбол байгууллага хавьгүй ашигтай ажиллахыг харуулах гурван арга замыг жагсаан бичнэ үү.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.