Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

ШУА Их чуулганаараа инновацийн шинэ бүтээгдэхүүнүүдээ нэрлэлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи нь өмнөх оны эрдэм шинжилгээний үйл ажиллагааныхаа үр дүнгийн талаар жил бүр Их чуулганаараа хэлэлцэж дүгнэлт гаргадаг уламжлалтай. 

Ээлжит Их чуулган өнөөдөр болж байна. 

Тус академи 2017 оныг “Хүрээлэнд хүрч дэмжих жил” болгон зарлаж, шинэ мэдлэг бүтээх, шинжлэх ухааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх,  нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлээр уламжлалт ажил, арга барилыг улам чамбайруулах, судалгааны ажлын орчин, дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр дорвитой ахиц гарган ажиллажээ.

Мөн шинжлэх ухааны ололтыг олон нийтэд түгээхэд чиглэсэн хөрөнгө оруулалт тэлсэн, судалгааны томоохон үр дүн болон инновацийн шинэ бүтээгдэхүүнүүд гаргасан жил болсон байна.

Инновацийн шинэ бүтээгдэхүүнүүд:

  • Литийн Ионы батарей гарган авах технологийн судалгаагаар Шпинел  Li4Ti5O12-ыг  хатуу  төлвийн  урвалын  арга  ашиглан гарган авч, литийн ионы батарейн анод болгон ашиглаж 40 мАц багтаамжтай 3.0-3.6 В-ийн R2032 маркийн зоосон батарей гарган авлаа.
  • Улаанбаатар орчмын газар хөдлөлтийн мэдээллийг ашиглан тус бүс нутгийн  царцдасны зузааныг  хүлээн  авагчийн  функцийн  аргаар  тодорхойлоход уулархаг  газраа 44-45 км бусад газарт 40-42 км байна. Налайхын  хотгорын  бүтцийг тодорхойлох зорилгоор 400 км2 талбайд 1:100000 масштабын гравиметрийн  хээрийн хэмжилтийг хийж гүйцэтгэн тус хотгорын хүндийн хүчний Буге гажлын зураг зохиов.
  • Дэлхийн сээр нуруутны палеонтологийн судалгааны хамгийн гайхамшигтай, сонирхол татсан олдворт газруудын нэг болох одоогоос 70-80 сая жилийн өмнө тамгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн мөр бүхий Шар цав дахь судалгааны үл хөдлөх, биет өвийг газар дээр нь хамгаалах, шинжлэх ухааны аялал жуулчлалыг хөгжүүлэх, ЮНЕСКО-ийн геопарк хөтөлбөрийг Монголд нутагшуулах зорилго бүхий “Палеопарк” төсөл хэрэгжүүлж, үлэг гүрвэлийн мөрнүүд дээр хээрийн музей байгуулах ажлыг эхлүүлж, орон нутагтай амжилттай хамтран ажиллаж байна.
  • Түүнчлэн Холимог идэшт үлэг гүрвэл орнитомимозаврын бүлэгт хамаарагдах нэгэн шинэ олдворт хийсэн ясны морфологи судалгааны дүнд Aepyornithomimus tugrikinensis хэмээх шинэ төрөл, зүйлийг тогтоож, Монголын Төгрөгийн ширээгийн дээд цэрдийн жодохт формациас олдсон анхны Орнитомимид үлэг гүрвэл хэмээх өгүүллийг “Nature”-ийн “Scientific Reports” сэтгүүлд хэвлүүлэв. 
  • Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших Чихэртийн зоо хэмээх дурсгалт газарт археологийн малтлага судалгаа хийж, Хүннүгийн дурсгалын холбогдох он цагийг 200-300 жилээр урагшлуулсан нээлт хийсэн байна. 
  • Монгол орны цэвдгийн үргэлжилсэн болон тохиолдлын тархалттай бүсэд цэвдгийн  гэсэлтийн  улмаас  үүссэн термокарст  нууруудын  хөдлөлзүйг  анх  удаа судалж, сүүлийн 45 жилд монгол орны цэвдэгийн үргэлжилсэн тархалттай бүс нутагт термокарст нуурын тоо, эзлэх талбай нэмэгдсэн, харин цэвдгийн тохиолдлын тархалттай бүс нутагт буурсан байгааг судлан тогтоож, энэ гэсэж, устаж буй цэвдэг, ихсэж байгаа нь гадаргын усны ууршилт, газрын доорх усны нэвчилтийн нөлөөлөөс хамаарч байгааг тогтоожээ
  • “Дэлхийд тархсан монголын өв” цуврал судалгааны хүрээнд ОХУ-ын Эрмитаж дахь сан хөмрөгт хадгалагдаж байсан Хараагийн Ноён уулаас олдсон Хүннүгийн язгууртны цогцолбор дурсгалыг судалгааны эргэлтэд оруулж, анх удаа бүрэн хэмжээгээр Монгол Улсад хэвлэн нийтлүүлж, олны хүртээл болгов. 1923-1926 онд алдарт эрдэмтэн П.К.Козловын удирдсан Монгол-Түвдийн экспедицийн хүрээнд Ноён уулан дахь Хүннүгийн язгууртны булшнаас олж тухайн үеийн Ленинград хотод аваачсан дурсгалыг 90 жилийн дараа ийнхүү бүрэн хэмжээгээр нь хэвлэн нийтлүүлж олон түмэнд түгээснээрээ ихээхэн үнэ цэнэтэй ажил болсон байна.
  • Антигений концентрат ашиглан шүлхийгээс сэргийлэх 80-аас доошгүй хувийн идэвхитэй тосон адьюванттай вакцины технологи боловсруулжээ. 
  • Нэг дамжлагаар импортыг орлох байгалийн гаралтай гурван төрлийн бэлдмэл үйлдвэрлэх нь” инновацийн төслийн хүрээнд мал, амьтны төрөл бүрийн гаралтай шарх эмчлэх “Бартазел” тосон түрхлэг, яс, зөөлөн эдийн бэртэл, гэмтлийг эмчлэх “Барагшун-EN” бэлдмэл, мал, амьтныг эрдэс, амин дэмээр хангах “Барагшунт” тэжээлийн нэмэлт бэлдмэлүүдийн технологийг боловсруулж, үйлдвэрлэн худалдаанд гаргажээ. 

Монголын эрдэмтдийн бүтээл гадаад ертөнцөд танигдах хүрээ тэлж гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 9 хувиар өссөн байна хэмээн өнгөрсөн жилийн ажлаа тайлагналаа.

 

Эх сурвалж: ШУА