Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Германы экс канцлерь тав дахь удаагаа гэрлэхдээ Солонгос бүсгүйг сонгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Германы канцлерь асан Герхард Шройдер өөрөөсөө 26 насаар дүү, Өмнөд Солонгосын иргэн, орчуулагч бүсгүйтэй гэрлэхээр болсноо өнөөдөр зарлажээ.

Энэ нь 73 настай Шройдерийн тав дахь гэрлэлт юм. Түүнийг хувийн амьдралаар нь “Audi man” хэмээн хочилдог байсан нь Ауди компанийн логоны дөрвөн цагиргаар дөрөв гэрлэснийг нь билэгдсэн нэр ажээ.

Өнөөдөр тэр шинэ сүйт бүсгүй Ким Со Ёнтой Сөүл хотод энэ тухайгаа зарлахдаа “Би түүний ар гэрийнхэнтэй уулзсан. Хурим ирэх намар болох байх. Хаана, хэзээ болохыг дараа шийднэ” гэж ярьжээ.

47 настай Ким Германы Хойд Райн-Вестфаль мужийн эдийн засгийн хөгжлийн агентлагийн Сөүл дэх төлөөлөгчөөр ажилладаг. Өмнө нь Шройдерийн орчуулагчаар ажиллаж байжээ.

Өнгөрсөн есдүгээр сард Шройдерийн өмнөх эхнэр Дорис салж байгаагаа зарлахдаа тэдний салалтад Кимийг гол нөлөө үзүүлсэн гэж ярьснаар ил болсон юм.

Харин өнөөдөр Шройдер хэлэхдээ өмнөх эхнэрээсээ салахад нь Кимийн ямар ч оролцоо байгаагүй гээд үлдсэн амьдралаа Герман-Өмнөд Солонгосын хооронд аялж өнгөрөөх хүсэлтэй гэжээ.

“Би Солонгосын соёл, түүх, урлагийг маш их сонирхдог. Тиймээс цаашид энэ орны тухай ихийг сурч мэдэхийг хүсэж байна” гэж Шройдер ярьсан юм.

Социал демократ улс төрч Шройдер 1998-2005 онд Германы канцлериар ажиллаж байжээ.

 

Эх сурвалж: AFP