Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ганбат: Монголбанк төсвийн шинжтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхгүй

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлаар 2018 оны нэгдүгээр сард өөрчлөгдөн батлагдсан “Төв банкны тухай хууль”, “Банкны тухай хууль”-ийн талаар Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Б.Ганбат мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтын харилцаа бол Монголбанкны бие даасан хараат бус байдалтай холбоотой. Дээр нь Монголбанкнаас банканд тавьдаг хяналт шалгалттай холбоотой заалтууд орсон.

Монголбанкнаас гаргадаг томоохон шийдвэрүүдийг Мөнгөний бодлогын хороо гэдэг бүтцээр гарахаар зохицуулсан байгаа. Мөн Монголбанк Засгийн газартай харилцах харилцааны талаар тодорхой заалтууд орсон. Тухайлбал Засгийн газраас Монголбанканд тодорхой чиглэл, зөвлөмж өгөх үйл ажиллагаа хориглогдсон. Түүнчлэн Монголбанк Засгийн газарт төсвийн улирлын зөрүүг нөхөх, бондыг нь худалдаж авахаас бусад тохиолдолд төсвийн шинж чанартай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг хориглосон байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Харин Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар “Энэ хууль батлагдсанаар Монголбанкнаас банканд тавих хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан арга хэлбэрээр явуулна. Өмнө нь нийцлийн хяналт шалгалт хийдэг байсан бол одоо урьдчилсан, томоохон хэмжээний эрсдэл үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх боломжтой болж байна” гэв.

Төв банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт 2018 оны 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. 

-Төв банкны тухай хууль өмнөхөөсөө сайжирч чадсан уу. Зарим шүүмжлэлийг сөрөг хүчнээс өгч байгаа шүү дээ?

-Хууль нэлээн сайжирсан. Өмнөх байдлаа муутгасан хуулийн төсөл ерөөсөө ороогүй. Сүүлийн үед Төв банкны хууль, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой улс төржсөн мэдээллүүд олон нийтэд түгээд байна.

Ер нь банкны салбар итгэлцэл дээр тогтдог. Тиймээс салбарын үйл ажиллагааг зохицуулж буй хууль дээр улс төржих ямар ч шаардлага байхгүй.

-Төв банк Засгийн газраас хараат бус байх нөхцөл бүрдсэн байна. Тэгвэл үйл ажиллагаа нь дотооддоо хэрхэн хараат бус болж байгаа вэ?

-Үйл ажиллагааны хараат бус байдлынхаа хүрээнд бид Монгол Улсын хэмжээнд хэрэгждэг томоохон шийдвэрийг Мөнгөний бодлогын хороо гэдэг бүтцээрээ дамжуулж гаргахаар зохицуулсан. Хорооноос гаргасан тогтоолыг Монголбанкны Ерөнхийлөгч гарын үсэг зурж баталгаажуулна.

Хуулийн үндсэн зохицуулалтаас харвал нэг субьектээс хараат байсан бодлогын шийдвэр одоо мэргэжлийн, маш өндөр дадлага туршлагатай хүмүүсээр бүрдсэн Мөнгөний бодлогын хороогоор дамжиж гарахаар болж байна. Энэ шийдвэр олон нийтэд түгээгдэнэ. 

-Банк доороо охин компани байгуулах боломжгүй болсон гэсэн. Одоо байгуулчихсан байгаа охин компаниа яах вэ. Энэ тухай мэдээлэл өгөөч?

-Банк доороо охин компани байгууламж боломжгүй болсон. Гэхдээ тухайн банкны толгой компани охин компани байгуулах боломж нь нээлттэй. Банк мэргэжлийн, үндсэн үйл ажиллагаа л хэрэгжүүлж, үүнээс бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хуулиар зогсоож байна гэсэн үг. 2019 оноос энэ хууль мөрдөгдөж эхэлнэ. Тиймээс банкууд үүнээс өмнө байгуулчихсан байгаа охин компаниа хуулинд нийцүүлэх боломж нь нээлттэй.