Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Хулгайн гэмт хэргээс сэргийлэх төхөөрөмжүүд, ХҮҮХДИЙН байршил тодорхойлогч бугуйн цаг

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалахад ашиглаж болох дэвшилтэт техник, технологийг сурталчлан таниулах зорилготой “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд техник, технологийн дэвшлийг ашиглах нь” нээлттэй үзэсгэлэн өнөөдөр боллоо.

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Г.Алтансүх "Хүн эд хөрөнгөө алдаж, хохирсныхоо дараа Цагдаагийн байгууллагад хандаж, сандрахаасаа илүү аюулгүй байдлаа урьтаж хангах нь маш чухал. ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс Мэдээлэл Технологийн Үндэсний Парктай хамтран өнөөдрийн үзэсгэлэн, худалдааг явуулж байна. 

Иргэд маань өөрсдөө өнөөдрийн үзэсгэлэнд оролцож урьдчилан сэргийлэх ямар боломж байгаа, мөн шинэ технологи хэдэн төгрөгийн өртөгтэй байгааг мэдэх боломжтой. 

Техник өөрөө байнга өөрчлөгдөн, дэвшиж байдаг. Манай аж ахуйн нэгжүүдийн оруулж ирж байгаа техникийн үзүүлэлт дэлхийн жишигт нийцсэн дүрс, дуу бичлэгийг өндөр чанарын түвшинд хурааж, гар утсанд нь болон цахим хэлбэрээр дохиолол ирж, мэдээлдэг.

Иргэд маань өндөр чанарын, сүүлийн үеийн технологийг ашиглах болсонд баяртай байна" гэв. 

Технологийн салбартаа тэргүүлэгч 30 аж ахуйн нэгж байгууллага, иргэн оролцож байна

 

ЦЕГ-ын Урьдчилан Сэргийлэх Хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч А.Мөнхсувд "Цагдаагийн Ерөнхий Газар /ЦЕГ/, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк хамтран "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд технологийн дэвшлийг ашиглах нь" нээлттэй үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэ үзэсгэлэнд техник технологийн салбартаа тэргүүлэгч 30 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг ЦЕГ-аас урьж оролцуулж байгаа.

2017 онд нийт үйлдэгдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээлэлд судалгаа хийж үзэхэд нийт 32,300 орчим гэмт хэрэг бүртгэгдсэний 40 орчим хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байсан. Хулгайн гэмт хэрэг дундаа 63 орчим хувийг нь халаасны хулгай эзэлсэн.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх туйлын ач холбогдолтой болсон. Энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ЦЕГ-аас хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр "Сэрэмжилье, Нэгдье" нэртэй нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.

Үүний хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг нь өнөөдрийн нээлттэй үзэсгэлэн худалдаа юм. Үзэсгэлэнд төрөл бүрийн хяналтын камерууд, ухаалаг цаг, бугуйвч зэрэг бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа.

Аяны хүрээнд цаашдаа олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, нээлттэй хэлэлцүүлэг хийж, мөн иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс гарын авлага, тараах материал бэлдээд байна" гэлээ.

Үзэсгэлэнд оролцсон зарим аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүнийг танилцуулж байна. 

"БИ СИ ТИ" ХХК хяналтын камер
 
Гэрэл зургийг mpa.mn

"БИ СИ ТИ" ХХК-ийн Шийдлийн Инженер А.Цолмон "Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд зохион байгуулж байгаа үзэсгэлэнд бид хөдөлгөөн буюу хүн дагадаг гадна, дотор камер, ерөнхий хяналтын, царай, мөнгөн тэмдэгт таньдаг, өөртөө дохиололтой камерыг танилцуулж байна. 

Өөртөө дохиололтой нь тухайн хүн ажлаа тараад гарахдаа дохиоллоо асаагаад гарахад камер маань өөрөө хөдөлгөөн таньж, ямар нэгэн хөдөлгөөн илрүүлсэн тохиолдолд хэрэглэгчрүүгээ видео, болон зурган мэдээлэл хүргэдэг. 

Мөн гэрийн болон албан байгууллагын нэвтрэх системүүд байгаа. Гэрийн нэвтрэх системийн давуу тал нь хэрэглэгч гэр дотроосоо хотхоны гадна орчны камеруудыг харах, грашд байгаа машинаа харах, мөн гэр дотроосоо айл хооронд дуудлага өгөх, нэн шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад дуудлага өгөх боломжтой. Үнийн хувьд 140 мянгаас дээш төгрөгөөр худалдаалагдаж байгаа" гэлээ.  

Хүүхдийн байршил тодорхойлогч, утастай "Найз" бугуйн цаг
 
Гэрэл зургийг mpa.mn

"Choi Hainzan" Монгол брэндийн үйлдвэрлэсэн Найз цаг нь GPS буюу байршил тогтоогч систем, чагнах төхөөрөмжтэй хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн юм. Чагнах төхөөрөмжийг эцэг эх нь Монгол аппликейшнийг татан авч, тусгай нууц дугаараар нэвтрэх боломжтой аж. 

Мөн тухайн цаг нь бугуйн мэдрэгчтэй бөгөөд бугуйдаа зүүсэн, эсвэл зүүгээгүй эсэхийг эцэг эхэд нь мэдээлдэг. Бугуйн цагийг дөрвөөс дээш насны хүүхдүүд ашиглах боломжтой юм байна.

Үзэсгэлэн Мэдээлэл Технологийн Үндэсний Паркын 3 дугаар давхарт 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
ФОТО:

Гэрэл зургийг Mpa.mn