Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Германы үндсэрхэг үзэлтэн улс төрч намаасаа гарч, Исламын шашинд оржээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Германы хэт барууны үзэлтэй AfD (Alternative for Germany) намын улс төрч Артур Вагнер намаасаа гарч, Исламын шашинд орсныг тус намын төлөөлөгч баталжээ.

Вагнер өөрөө энэ мэдээллийг Der Tagesspiege сонинд батлан ярьсан байна.

Вагнер нь AfD намын Бранденбург муж дахь салбарын тэргүүлэгчдийн нэг байсан юм. Тэрээр нэгдүгээр сарын 11-нд намаа орхисныг намын дарга Андреас Калбиц фэйсбүүк хуудсандаа мэдээлж, энэ нь гэнэтийн, цочроосон хэрэг байсныг бичжээ.

Тэр тусмаа Вагнер нь AfD намын шашны асуудлыг хариуцдаг, Христийн жигүүрийн идэвхтэн байсан гэнэ. Тэр 2015 онд AfD намд элсэж байжээ.

AfD нам бол дүрвэгч, цагаачдын эсрэг үзэл, исламын шашныг хүлээн зөвшөөрдөггүйгээрээ алдартай. Намын дарга Калбиц өчигдрийн мэдэгдэлдээ “Ислам Германд орших ёсгүй” гэж бичсэнээс намын үзэл баримтлал тод харагдаж байгаа юм.

Өнгөрсөн онд болсон холбооны сонгуулиар тус нам Германы гурав дахь том улс төрийн хүчин болж, 12.6 хувийн санал авсан. Канцлер Ангела Меркелийн дүрвэгсдэд ээлтэй бодлого тэднийг улс төрийн тавцанд гарч ирэхэд нөлөөлсөн гэж ажиглагчид дүгнэдэг.

 

Эх сурвалж: Business Insider