Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн төрөлхтний бүтээсэн од удахгүй тэнгэрт гэрэлтэж харагдана

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Удахгүй дэлхийн оршин суугчид шөнийн тэнгэрт нисэж яваа хурц гэрэлтэй хиймэл одыг олж харах болно.

Шинэ Зеландын иргэн Питер Бэкийн байгуулсан Калифорнид төвтэй Rocket Lab компани өнгөрсөн Ням гарагт “Хүн төрөлхтний од” нэртэй биетийг тойрог замд оруулжээ. Одоогоос 45 хоногийн дараа буюу гуравдугаар сарын эхээр уг од хүмүүст харагдаж эхлэх гэнэ.

Нэг метр орчим диаметртэй металл бөмбөрцөг нь 65 ширхэг хүчтэй ойлгогч хавтангуудаар бүрхэгдсэн. 90 минут тутамд дэлхийг нэг бүтэн тойрохдоо нарны гэрлийг ойлгох юм. Дууны хурднаас 27 дахин хурдтайгаар тойрог замд эргэлдэх од нь өөрөө тэнхлэгээрээ эргэж байх тул анивчиж байгаа мэт харагдах юм.

“Зорилго нь хүмүүст аугаа том ертөнцийн өчүүхэн хэсэг дээр амьдарч байгааг сануулах” гэж Питер Бэк тайлбарлажээ.

Тодруулбал цаг уурын өөрчлөлт, нөөц баялгийн хомсдол зэрэг асуудлуудад хүмүүсийн анхаарлыг төвлөрүүлж, үнэ цэнэтэй дэлхий гарагаа хамгаалах, хайрлах сэтгэлийг төрүүлэх юм байна.

Хиймэл од нь шөнийн тэнгэрт сарнаас гадна хамгийн тод гэрэлтэж харагдах биет байх гэнэ. Есөн сар тойрог замд аялсны дараа од нь татах хүчний нөлөөнд орж, агаар мандалд шатаж устах юм байна.

Үүний дараа хүмүүс хэрхэн хүлээж авахыг харах, санхүүжилт олох эсэхийг мэдсэний дараа дараачийн илүү амбицтай төсөлдөө шилжинэ гэж Бэк ярьжээ.

Хүн төрөлхтний од одоо хаана аялж явааг тус компанийн TheHumanityStar.com сайтаас мэдэж болох гэнэ.

 

Эх сурвалж: Quartz