Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Blockchain Academy Mongolia-гийн төгсөгчдөд төсөл дээр ажиллах боломж нээгдэнэ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 1 сарын 24
Сурталчилгаа
 

Дэлхий дахинд мэдээлэл технологийн бас нэгэн шинэ давлагаа бий болсон нь блокчэйн технологи. Тэгвэл энэхүү технологийн хөгжилд хувь нэмрээ оруулах залуусыг бэлтгэх зорилготой Blockchain Academy Mongolia үүсгэн байгуулагдаж, анхны сургалтаа эхлүүлэх гэж байна. Тус академийн үйл ажиллагаа, блокчэйн технологийн хөгжлийн чиг хандлагын талаар Ард Санхүүгийн Нэгдлийн Дижитал Технологийн захирал Г.Тэнүүнтэй ярилцлаа.


- Блокчэйн технологи цоо шинэ зүйл үү, эсвэл биткойн гэж шуугьж эхлэхэд хүмүүс ийм технологи байдаг гэдгийг мэддэг болов уу?

- Блокчэйн дээр суурилсан анхны програм нь биткойн байсан учраас түүнтэй хамт гарч ирсэн гэж ойлгож болно.

Зүйрлэвэл, интернетийн сүлжээг блокчэйн гэж авч үзвэл түүн дээр ажиллаж байгаа имэйл программыг биткойн гэж хэлж болно. Хэдийгээр биткойн нь өөрөө үүсээд 10аад жил болж байгаа ч блокчэйн технологийн хүчин чадлыг сүүлийн үед л бүрэн ойлгож эхэлж байна.

- Мэдээлэл технологийн хувьсгал гэгдээд байгаа блокчэйн технологийн тухай сургуулиудад тусгайлан хичээл орж эхлээгүй байгаа. Тиймээс та бүхэн анхдагч болж байна. Академийг ямар зорилгоор байгуулсан бэ?

- 1990-ээд онд Интернет нь мэдээлэл технологийн салбарт том хувьсгал авч ирсэн. Үүн дээр суурилж Гүүгл, Амазон, Фэйсбүүк зэрэг томоохон компаниуд бий болсон.

Яг үүн шиг хоёр дахь давлагаа бий болоод байна. Биткойн нь блокчэйн технологи дээр бичигдсэн хамгийн анхны програм юм. Блокчэйн технологи хакдуулах боломжгүй, дундын байгууллага (банк гэх мэт) шаардахгүйгээр гүйлгээ хийх боломжтой гэдгийг харуулсан. Ийм ч учраас мэдээлэл технологийн компаниуд үүнийг ашиглаад өөр ямар програм бичиж болох вэ гэдгийг судалж, ийшээ хөрөнгө оруулж, шинэ програмууд нэвтрүүлж эхэлсэн байгаа.

Монголд блокчэйн технологийн талаар хичээл, сургалт орж байгаагүй. Манай мэдээлэл технологийн салбарынхан сонирхож эхэлж байгаа ч энэ салбар руу хараахан ороогүй байгаа. Blockchain Academy Mongolia анхдагч болж байна. Бид шилдэг боловсон хүчин бэлтгэж, энэ технологийн хөгжлөөс хоцрохгүйгээр хамтдаа алхах боломжийг залууст нээж өгөх зорилготой.

- Блокчэйн технологи гэхээр ганцхан биткойн үйлдвэрлэдэг технологи биш гэдгийг бид ойлгоод эхэлжээ. Тэгвэл бидний хөдөлмөрийг хөнгөвчлөх өөр ямар өргөн боломжууд байгаа вэ?

- Бидний одоо хэрэглэж буй програмууд нь мэдээллийг нэг баазад хадгалдаг. Тухайн бааз руу нэвтрэх эрхтэй хүн болгон ороод мэдээллийг нь өөрчлөх боломжтой гэсэн үг.

Жишээ дурдахад үл хөдлөх хөрөнгийн лицензүүдийг давхардуулж олгох, газрын маргаан үүсэх, машины дугаар ижил байх, банкны зээлийн мэдээллийг өөрчлөх, сонгуулийн үеэр нас барсан хүмүүс санал өгөх гэх мэтийн асуудлууд гарах боломж бүрддэг. Харин блокчэйн технологи урьд нь байсан програмуудаас юугаараа ялгаатай вэ гэвэл төвлөрсөн бус байдлаар мэдээлэл хадгалдаг учраас хэн нэгэн ороод мэдээллийг өөрчлөх, түүхийг арилгах, солих, устгах боломжгүй.

- Академид суралцагсдад ямар боломжууд нээгдэх вэ. Хаа нэгтээ хүлээн зөвшөөрөгдсөн батламж өгөх үү?

- Батламж өгнө. Одоогийн байдлаар сургалтыг олон хүн сонирхож, бүртгүүлээд байна. Бид сургалтаа үнэ төлбөргүй хийх учраас програм хангамжийн чиглэлээр сурч байгаа оюутан байх шаардлагыг тавьж байгаа. Бүртгүүлсэн оюутнуудаас англи хэлний мэдлэгтэй, програм бичих суурьтай оюутнуудыг шигшихийн тулд шалгалт аваад, тэнцсэн 30 оюутныг сургалтад хамруулна.

Академи төгсөөд тэдэнд шууд төсөл дээр ажиллах боломж нээгдэх юм. Мөн Америкийн мэдээлэл технологийн компаниуд бидэнтэй хамтарч ажиллах хүсэлтээ илгээгээд байгаа. Энэ бол маш том боломж. Тэгэхээр оюутнууд хичээгээд, өөрсдийгөө харуулах хэрэгтэй.

 

- Хаанахын ямар багш нар сургалт явуулах вэ?

- Сургалт хоёрдугаар сарын 3-нд эхлээд зөвхөн амралтын өдрүүдэд явагдана. Монгол багш нарын суурь олгох сургалт нэг сар үргэлжлээд гуравдугаар сараас америк багш нар хичээл орж эхэлнэ. Төгсөхөд батламж олгох учир шалгалттай. Харин цаашдаа сургалтууд төлбөртэй болж эхэлнэ.

- Блокчэйн технологийг дэлхий нийт хэрхэн хүлээж авч байгаа вэ?

- Энэ технологи дээр код бичих програмистууд дэлхий даяар маш эрэлттэй байгаа ч хангалттай мэдлэгтэй програмистууд ховор байна. Гадаадын сургуулиудад энэ чиглэлийн хичээлүүдийг заах анги нээгдээд удаагүй байна. Blochchain Academy Mongolia-гаар дамжин манай залуучуудад дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломж гарч ирж байна.

- Гадны улс орнуудад энэ технологийг хөгжүүлж, ашиглаж байгаа туршлага бий юу?

- Энэ технологийг төр, бизнес, санхүүгийн байгууллагууд ашиглах өргөн боломжтой. Одоо маш олон улс энэ салбар руу орж эхэлж байна. Жишээ нь, Канадад бүх иргэнийхээ мэдээллийг блокчэйн дээр тавих ажлыг туршиж байгаа бол Истон улс цахим санал авалт, цахим нотариат гэх мэтийн програм нэвтрүүлэхээр ажиллаж байна.

- Гадны орнуудын төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа хэдийнээ хэрэгжүүлээд эхэлжээ. Тэгэхээр манай улсад энэ технологийг нэвтрүүлэхэд хэдий хугацаа шаардах вэ?

- Монголд блокчэйн технологийг нэвтрүүлэхэд төрийн дэмжлэг хэрэгтэй учир багагүй хугацаа шаардлагатай. Харин өнгөрсөн жил бидний хийсэн Крипто Үндэстэн чуулга уулзалтын үеэр төр засгийн төлөөллүүд энэ технологийн ач холбогдлыг ойлгож, авилгыг арилгах боломж хэмээн харж, дэмжихээ илэрхийлсэн.

Програмаа бэлэн болговол нэвтрүүлье гэдгээ ч амласан. Энэ нь бидний хувьд маш том боломж бөгөөд дэмжлэг болж байгаад би хувьдаа баярлаж байгаа.

- Сургалтад хэрхэн бүртгүүлэх вэ?

- Нэгдүгээр сарын 26 хүртэл Blockchain Academy Mongolia фэйсбүүк хуудас болон Blockchainacademymongolia.mn сайтаар орж бүртгүүлж болно.

- Цаг гарган ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье!

- Баярлалаа. Бид шилдэг төгсөгчид дөө хамтран ажиллах боломжийг олгож байгаа тул залуучуудыг идэвхтэй байхыг уриалж байна.

 

Б.Болортуяа

RedHero бизнес сэтгүүл

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.