Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нойрны асуудалтай хүмүүст зориулсан гурван аппликэшн

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Зөв унтаж амрах нь хүний эрүүл мэнд, ажлын бүтээмжид чухал ач холбогдолтой.

Үүнд туслах зориулалттай гар утасны аппликэшнүүдийг танилцуулж байна. Доор танилцуулсан гурван аппликэшн нь өөр өөр зориулалттай юм.

 

Sleep Cycle Alarm Clock

 

iTunes, Google Play дэлгүүрүүдэд төлбөргүй байдаг энэ аппликэшн нь сэрүүлэгний үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ энгийн сэрүүлгээс ялгаатай нь таныг зөв цагт сэрээнэ. Хүний унтах үйл явц хэд хэдэн үе шатаар ээлжлэн солигдож байдаг. Тухайлбал хөнгөн ба гүн нойрсолт гэх мэт.

Уг аппликэшн нь шөнийн турш таны нойрсолтыг хянаж, хөнгөн нойрондоо байх үед сэрүүлгийг ажиллуулдаг. Ингэж сэрвэл хөнгөн, зовиургүй, сэргэлэн өдрийг эхлүүлэх юм.

Бусад ийм төрлийн аппликэшнүүд дэрэн дор утсаа байрлуулах шаардлагатай байдаг бол энэ нь орны хажуугийн ширээн дээр байрлуулахад болдог.

 

Pillow

 

Зөвхөн iTunes дэлгүүрт төлбөргүй байдаг аппликэшн. Гол зорилго нь нойрсох явцаа өөрөө хянах. Өөрөөр хэлбэл унтаж байх үедээ таны гаргаж байгаа чимээг бичиж авдаг. Хурхирах, зүүдэлж ярих зэрэг үзэгдлүүдээ хянаж, өөртөө анхаарал тавьж болох юм. Жишээ нь яаж унтвал хурхирах, шүдээ хавирахгүй байгаагаа туршиж болно. Зүүдэндээ юу ярьснаа сонсож болно гэх мэт.

Бас нойр хүргэх таатай дуу чимээ, сэрүүлэг зэргийг ашиглаж болно.

 

Power Nap App

 

iTunes дэлгүүрт төлбөргүй байдаг уг аппликэшн нь түр дуг хийхэд тусалдаг. Түргэн унтахад туслах тайвшруулдаг дуу чимээ гаргаж, 30 минутаас хэтрүүлэлгүй таныг сэрээнэ. Учир нь 30 минутаас урт хугацаанд дуг хийвэл сэрэхэд хүндрэлтэй байдгийг мэргэжилтнүүд баталсан байдаг.

 

Эх сурвалж: Tech Insider