Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Крипто валютын арилжааг жинхэнэ нэрээр явуулж эхлэх өдрийг Өмнөд Солонгост зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн крипто валютын томоохон зах зээлүүдийн нэгт тооцогддог Өмнөд Солонгос улсад шинэ журам хэрэгжиж эхлэх өдрийг зарлалаа.

Нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн арилжааг зөвхөн жинхэнэ нэрээр бүртгүүлсэн иргэд хийдэг болж байна. Өөрөөр хэлбэл хуурамч нэрээр арилжааны данс үүсгэх боломжгүй болжээ.

Мөн крипто арилжааны төвүүд үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг банкнуудтай хуваалцах ёстой болж байна.

Тус улсын Shinhan Bank, NH Bank, Industrial Bank of Korea банкнууд ирэх долоо хоногоос эхлэн крипто валют арилжааны дансыг нээх үйлчилгээ үзүүлж эхэлнэ.

Харин одоо ашиглагдаж байгаа виртуал дансаа 30-наас өмнө банкны данстайгаа холбох ёстой гэнэ.

Ингэснээр арилжааны төвүүдийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод болж, хууль бус мөнгө угаах, насанд хүрээгүй хүмүүс арилжаанд оролцох үзэгдэл алга болно гэж үзжээ.

Үүний дараа арилжаанаас олсон иргэдийн ашигт татвар ноогдуулах алхам хийгдэх нь гарцаагүй юм. Өмнөд Солонгос нь АНУ, Японы дараа дэлхийн гурав дахь том крипто валютын зах зээлд тооцогддог боловч өнөөдрийг хүртэл ямар ч зохицуулалтгүй явж ирсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider