Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Пёнчаны олимпийн урд өдөр Хойд Солонгос цэргийн парад зохион байгуулж болзошгүй байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Пёнчанд болох өвлийн олимпийн наадмын нээлтийн өдрөөс нэг өдрийн өмнө Хойд Солонгос томоохон цэргийн парад зохион байгуулж, дэлхий нийтийн анхаарлыг өөртөө татаж болзошгүй байгааг ажиглагчид мэдээлж байна.

Пёнчаны наадам хоёрдугаар сарын 9-нд эхлэх бол Хойд Солонгосын армийн парад 8-нд болох магадлал өндөр байгаа юм. Учир нь энэ өдөр тус улсын зэвсэгт хүчин байгуулагдсаны 70 жилийн ойн өдөр.

Сүүлийн жилүүдэд Пёньян энэ ойг жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-нд тэмдэглэж, армийнхаа зэр зэвсгийн хүчин чадлыг дэлхийд харуулсаар ирсэн.

Дөрөвдүгээр сарын 25 бол БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ил Сун 1932 онд Японы эсрэг партизаны бүлгийг байгуулсан түүхэн өдөрт тооцогддог. Харин байнгын армитай болсон өдөр нь хоёрдугаар сарын 8 ажээ.

Пёньян 1978 оныг хүртэл Солонгосын Ардын Арми байгуулагдсаны ойг хоёрдугаар сарын 8-нд тэмдэглэдэг байжээ.

Харин энэ жил Пёнчаны олимптой давхцуулан хуучин тэмдэглэдэг байсан ойн өдрөө шилжүүлж магадгүй байгаа юм.

Хиймэл дагуулаас авсан сүүлийн үеийн зургуудаас харвал Пёньяны ойролцоох агаарын баазын талбайд зэвсэг техник, цэрэг цуглаж, парадын бэлтгэл хийж байгаа нь ажиглагджээ.

Өмнөд Солонгосын засгийн газрын төлөөлөгч парадын бэлтгэлд оролцох цэргийн тоо нэмэгдэж байгааг Ёнхап агентлагт ярьсан байна.

Ойролцоогоор 13,000 цэрэг, 200 машин техник цуглаад байгааг тэр баталжээ.

Пёнчаны олимпийн наадмын улмаас дэлхий нийтээр Солонгосын хойгт анхаарлаа хандуулж байгаа цаг үед Пёньян шинэ зэвсэг техник, армийн хүчин чадлаа олон улсад харуулах боломж тохиож байгаа юм.

Шинэ он гарсаар хоёр Солонгосын харилцаанд нааштай уур амьсгал бий болж эхэлсэн бол АНУ, Япон улсууд Пёньяны энэ байдалд тун болгоомжтой хандаж байна.

 

Эх сурвалж: Japan Times