Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтуяа: Магистр, докторын түвшний боловсролыг алсын зайны сургалтаар олгох боломжтой

О.Эрдэнэчимэг, Үндэсний шуудан
2018 оны 1 сарын 23
Үндэсний шуудан
Зураг зураг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл" төслийн хүрээнд их дээд сургуулийн сургалтын чанарыг дэмжих зорилгоор Монгол Улсын боловсролын их сургууль, Дорнод их сургууль, МУБИС-ийн бүрэлдэхүүн ' Архангайн багшийн сургууль, МУИС-ийн харьяа Завхан сургууль, Ховд их сургуульд зайны сургалтын төв байгуулсан юм. Энэхүү сургалтын төвүүдээр дамжуулан багш нарын мэргэжил дээшлүүлэх цуврал сургалтууд явагдах бөгөөд энэ сарын 16-нд МУБИС-ийн Мэдээллийн технологи, зайны сургалтын албанаас “Онлайн курс төлөвлөлт” сэдэвт хичээлийг дээрх сургуулиудын 70 багшид амжилттай зохион байгуулсан юм.

МУБИС-ийн Зайны сургалтын төвийг Дорнод их сургууль, Архангайн багшийн сургууль, Завхан сургууль, Ховд их сургуулиудын зайны сургалтын төвийг сургалт арга зүйгээр хангах нэгдсэн төв ч гэж ойлгож болно. Тиймээс Зайны сургалтын төвийн талаар МУБИС-ийн Мэдээллийн технологи, зайны сургалтын албаны дарга доктор, дэд профессор Л.Мөнхтуяатай ярилцлаа.

-Техник технологи хурдацтай хөгжиж буй энэ эринд онлайнаар боловсрол эзэмших хандлага дэлхий нийтэд ажиглагдаж байна. “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд таван их, дээд сургуульд Зайны сургалтын төв байгуулсан нь онлайн сургалтыг Монголын дээд боловсролд хөгжүүлэхэд чухал алхам болсон гэж харж байна. Гол ач холбогдлыг юу гэж харж байгаа вэ?

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банк-тай хамтран хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл" төслийн хүрээнд Дорнод их сургууль, Архангайн багшийн сургууль, Завхан сургууль, Ховд их сургуулиудад Зайны сургалтын төв байгуулсан.

Зайны сургалтын төвөөр дамжуулан онлайн буюу алсын зайны сургалт явуулснаар хөдөө, орон нутгийн багш нар ажлын байран дээрээ мэргэжлээ дээшлүүлэх, багш нар тодорхой хөтөлбөр дэвшүүлж, агуулга арга зүйг боловсруулан, зайн хэлбэрээр сургалт зохион байгуулах, хамтарч ажиллах, судалгааны ажил хийх гэх мэт боломж бүрдэж байна. Цаашилбал, Монголдоо төдийгүй гаднын орнуудад ажиллаж, амьдарч буй хүмүүст зайнаас суралцах боломжийг нээж байгаа юм.

-МУБИС-ийн Зайны сургалтын төвийг Дорнод их сургууль, Архангайн багшийн сургууль, Завхан сургууль, Ховд их сургуулиудын зайны сургалтын төвүүдийн нэгдсэн төв нь гэж ойлгож болох уу?

- Дээрх зайны сургалтын төвүүдийг багш бэлтгэх их, дээд сургуулийг түшиглэн байгуулснаараа онцлогтой. Одоогийн байдлаар МУБИС нь зайны сургалтын төвүүдийн үйл ажиллагааг чиглүүлэх, менежментийн тогтолцоог бий болгоход голлон ажиллаж байна.

Тухайлбал багш нарын эрэлт, хэрэгцээнд суурил-сан мэргэжил дээшлүүлэх холимог (blended) сургалт зохион байгуулах, зайны сургалтын сургагч багш бэлтгэх, хүний нөөцийг хөгжүүлэх, зайны сургалтын агуулга, арга зүйг бэлтгэх, хөгжүүлэх, зайны сургалтын хэвлэмэл болон аудио, видео материал, онлайн хичээл бэлтгэх, ашиглах, хэрэглэгдэхүүний сан үүсгэх гэх мэт.

-Алсын зайны сургалтыг манай улсад хэд хэдэн их дээд сургууль, сургалтын төвүүд сургалтдаа нэвтрүүлсэн. Гэхдээ төслийн хүрээнд орон нутгийн буюу хөдөө орон нутгийн сургуулиудад Зайны сургалтын төвүүд бий болсон нь олзуурхууштай санагдаж байна.

-Хөдөө орон нутагт, тэр дундаа багш бэлтгэдэг сургуулиудыг хамруулж, зайны сургалт зохион байгуулах, багш, суралцагчдын мэргэжил, мэдлэг, чадварыг дээшлүүлэх орчныг бүрдүүлж байгаа нь хамгийн гол онцлог нь юм.

-Их, дээд сургуулиуд онлайн сургалтыг нэвтрүүлснээр ямар давуу талууд бий болж байна вэ?

-Онлайн сургалт нь суралцагчдын сурах арга барилыг дэмждэг. Хүн бүрийн сурах арга барил өөр өөр шүү дээ. Зарим суралцагч мэдээллийг сонсож, харж, уншиж хүлээж авдаг. Танхимын сургалтын явцад зарим суралцагч хангалттай түвшинд мэдлэг, чадвар эзэмшиж чадалгүй үлдэх тохиолдол ч байдаг. Харин онлайнаар энэхүү хичээлээ судалснаар ойлгохгүй хичээлээ хэдэн ч удаа, хэзээ ч, хаанаас ч үзэж, сонсож, ойлгох боломжтой.

-Алсын зайны сургалтын төвүүд аймгуудад өмнө нь байсан. Гэвч өнөөдрийг хүртэл алсын зайн сургалт амжилттай хэрэгжихгүй байсан гол шалтгаан нь юу вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2002 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор Зайны сургалтын үндэсний хөтөлбөр батлагдаж, уг хөтөлбөрийн эхний үе шатны төлөвлөгөө (2002-2003) гарсан байдаг. Дээрх хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд аймаг бүрт алсын зайны сургалтын төвүүд байгуулагдсан ч харилцан адилгүй хөгжиж байгаа нь ажиглагдсан. Яг үнэндээ тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хэдэн төвүүд байдаг бол.

Миний бодлоор хэчнээн сайхан тоног төхөөрөмж байгаад ч түүнийг ашиглах, зайны сургалтыг явуулах агуулга, арга зүй дутагдаад байгаа учраас тогтвортой үйл ажиллагаа явагдахгүй байна гэж үздэг. Зайны сургалтын ямар хөтөлбөр хэрэгцээтэй байна вэ, сургагч багш байна уу, онлайн хичээлд ямар шаардлага тавигдах вэ, агуулга арга зүйгээ хэрхэн боловсруулах вэ, сургалтын үр дүнг хэрхэн үнэлэх вэ, түгээн дэлгэрүүлэх ямар арга зам байх вэ, хамтын ажиллагааг хэрхэн бий болгох вэ, зорилтот бүлгээс гадна нийгэм, олон нийтэд хандсан ямар сургалт зохион байгуулах вэ гэх мэт зүйлийг нэн тэргүүнд анхаармаар санагддаг.

Дэвшилтэт техник, тоног төхөөрөмж хэзээ ч нийлүүлэгдэж болно. Саваа бэлдэхээр саалиа бэлд гэсэн ардын сайхан үг байдаг. Тиймээс бид дээрх асуудалд анхаарч ажиллаж байна. Мөн МУБИС-ийн МТЗСА-аас “Онлайн курс төлөвлөлт’’-ийн сургагч багш нарыг бэлтгэж байгаа нь асуудлын нэгэн шийдэл болж байна.

-Алсын зайны сургалтын төвүүдэд цаашид заах хичээлийг хэрхэн боловсруулах вэ?

-Энэхүү төслийн хүрээнд 2000 багшийн мэргэжил * дээшлүүлэх зорилттой ажиллаж байна. Орон нутгийн сургуулиуд болон МУБИС-ийн эрэлт хэрэгцээ, судалгаанд тулгуурлаж, хичээл сонголт хийж байгаа бөгөөд бид тухайн чиглэлээр амжилттай сургалт зохион байгуулж буй бусад их, дээд сургуулийн багш нарын хамтарсан баг бүрдүүлж, сургалтын хөтөлбөрөө боловсруулах чиглэлээр ажлаа эхэлж байна. Жишээлбэл Дорнод их сургууль “Тусгай хэрэгцээт боловсролын онол, арга зүй”, Ховд их сургууль “Үр дүнд суурилсан боловсрол (CDIO)" гэх мэт саналаа өгсөн.

-Онлайн сургалтын суурийг нь бүрдүүлчихвэл багшийн хөгжилд түлхэц өгөх юм шиг харагдаж байна.

-Дэлхий нийтэд технологи (интернет, вэб гэх мэт)-д суурилсан сургалт эрчимтэй хөгжиж, зарим их сургуулиуд “нээлттэй” сургуулийн хэлбэрт шилжиж байна. Дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлээд Монголдоо энэ тогтолцоог бий болгох шаардлага хэрэгцээ үүсэж байгаа. Манай оронд уламжлалт сургалтыг технологид суурилсан сургалттай хослуулан явуулж байна.

Цаашдаа багш нар онлайн сургалтын хөтөлбөр, хичээлтэй болсноор зах зээлд гарах боломжтой. Нөгөө талаар сайн хөтөлбөрийг олон хүн сонгодог зарчмаар хаанаас ч, хэн ч, хэзээ ч суралцах нөхцөлд бүрдэнэ. Энэ бүхэнд багшаа бэлтгэж, суурийг нь сайн тавиад өгчихвөл ирээдүйд хөгжих гарцыг нээж өгч байгаа юм.

-Зайны сургалтын төвөөр дамжуулан 21 аймгийн багш нартай онлайн хэлэлцүүлэг зохион байгуулах боломж хэр байна вэ?

-Тухайн аймаг, орон нутагт зайны сургалтын тоног төхөөрөмж бүхий орчин бүрдсэн л бол холбогдох боломжтой.

-Магистр докторын түвшний боловсролыг алсын зайны сургалтаар олгох боломж бий юү?

-Бид эхлэлийн буюу бэлтгэл шатандаа явж байна. Манай сургуулийн хувьд эхний ээлжид магистрантур, докторантурын ерөнхий суурь хичээлүүдийг онлайн болгохоор ажиллаж байна. Онлайн сургалт зохион байгуулах эрх зүйн орчин нэн чухал. Бид судалж байна.

-“Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд таван их дээд сургуульд Зайны сургалтын төвийг байгууллаа. Төсөл хэрэгжиж дууссаны дараа тоосонд дарагдсан хэдэн төхөөрөмжтэй өрөө болох вий гэсэн бодол байна. Тиймээс Зайны сургалтын төвийг цаашид амжилттай ажиллуулахын тулд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-Энэ үнэхээр чухал асуудал.“Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд Алсын зайны сургалтын төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Бид төсөл дууссан ч цаашид Зайны сургалтын төвүүд бие даан сургалт, судалгааны ажлаа тогтвортой, хүртээмжтэй зохион байгуулахад анхааран ажиллаж байгааг өмнө нь ч дурдсан.

Төсөлд хамрагдсан их сургуулиас гадна орон нутгийн хөгжлийн бодлогод зайны сургалтын үйл ажиллагааг тусгах, эдгээр сургуулиудад түшиглэн бүсчилсэн сургалт зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон нийт, эцэг эхчүүдэд хандсан сургалт зохион байгуулах, гадаад дотоодын сургууль, байгууллагуудтай хамтын төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, судалгаа хийх гэх мэт олон хэлбэрээр ажиллах боломж бий.

Зураг