Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

2018 онд Монголын эдийн засагт тулгарах СОРИЛТУУДЫГ тодорхойллоо

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2018 оны 1 сарын 22
iKon.MN

-Эдийн засгийн бодлогын АНХДУГААР ЧУУЛГАНААС хийсэн тэмдэглэл 2-

 

“2017 оны III улирлаар цалин, тэтгэврийн зээл 40 хувиар өссөн, ядуурлын түвшин 29.6 хувьд хүрсэн, өрхийн өр ДНБ-ий харьцаа сүүлийн 5 жилд 2 дахин нэмэгдсэн, Монгол Улсын гадаад өр 26 тэрбум ам.долларт хүрсэн” гэх тоо баримтууд Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очирын эдийн засгийн бодлогын анхдугаар чуулганд тавьсан илтгэлээс анхаарал татав.

График 1: Гадаад өр, салбараар, тэрбум ам.доллар

Эх сурвалж: Монголбанк, Судалгаа Статистикийн Газар

Тэрбээр хувь судлаачийн зүгээс 2018 оны Монголын эдийн засагт тулгарах сорилтуудыг дараах гурван чиглэлд гаргасан байна. Үүнд:

  1. Монгол Улсын гадаад өрийн дарамт,
  2. Монголчуудын ядуурал, өр зээлийн төлбөрийн дарамт,
  3. Байгалийн баялгийг эдийн засгийн хөгжилд ашиглах.

График 2: Өрхийн өрийн дүн, 2017 оны III улирал, хувиар

Эх сурвалж: Монголбанк, Судалгаа Статистикийн Газар

Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа энэ үеэр 2017 оны IV улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 4.9 хувьтай гарахаар байгаа гэсэн урьдчилсан дүнг танилцуулсан нь шинэ мэдээлэл байлаа. Мөн тэрбээр өнгөрсөн жил эдийн засгийн салбарын статистик сайн, нийгмийн салбарын статистик маш муу гарсан. Энэ бол өнгөрсөн хугацааны бодлогын алдаа өнөөдөр илэрч байгаа хэрэг гэдгийг онцолж байв.

Илтгэлийн дараа хуралдаанд оролцогчид 2018 онд Монгол Улсад тулгарах эдийн засгийн сорилтуудын талаар өөрсдийн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

УИХ-ын даргын эдийн засгийн зөвлөх Ц.Мөнхбаяр “Одоо бидэнд тулгамдаад буй хоёр сорил байна гэж би харж байна. Нэгдүгээрт, одоо бий болоод буй эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах, хоёрдугаарт өсөлтийг хүртээмжтэй буюу өрхөд бий болгох.

Хүртээмжтэй байлгахын тулд бид өрх гэрт тэгш боломжийг нь бий болгох хэрэгтэй. Ажлын байрыг бий болгохын тулд бүтээмжийн асуудал яригдана. Бүтээмжийн асуудал сүүлийн жилүүдэд олигтой явахгүй байна. Бүтээмжээ дээшлүүлж байж өрхийн орлого нэмэгдэж, өсөлт бодитой болно.

Бид том зорилтуудаа тавьсан ч дараагийн бодлогууд хурдан гарахгүй болохоор эрсдэл гарч байна.

Мөн бодлогын хэрэгжилтийг хянах тал дээр дутуу ажиллаж байгаа. Үүнээс гадна бид бодлогоо олон нийтэд зөв танилцуулж байх нь чухал. Тэгвэл хүлээлтийг зөв удирдаж чадна” гэв.

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР: "Бид зэсийн баяжмалын метал авалтыг дээшлүүлэх замаар хүндрэлээ давна"
 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэр 2017 онд улсын төсөвт 580 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Он гараад 35 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Энэ тоог ажиллагсадтай харьцуулаад үзвэл нэг ажилтан 100 орчим сая төгрөгийн баялаг бүтээжээ.

Цаашид Эрдэнэт үйлдвэр сайн ажиллах ёстой. Хамтарсан үйлдвэр байснаас илүү ажиллуулна гэж зорилтоо бид тавьсан. Тухайлбал, экспортын орлогыг бид аль болохоор богино хугацаанд 1 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна.

Эрдэнэт үйлдвэрийн хувьд 2018 онд тулгарч буй сорилтууд бол уул, геологийн хүндрэл. Гэхдээ бид зэсийн баяжмалын метал авалтыг дээшлүүлэх замаар хүндрэлээ давна. Метал авалтыг 1 хувиар дээшлүүлэхэд л 20-30 сая ам.доллар орж ирнэ.

Хоёрдугаарт Эрдэнэт үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн насжилт өндөр байна. 55-75 хувийг нь солих, өөрчлөх шаардлагатай болсон байна.

Харин биднээс хамаарахгүй, эрсдэл үүсгэж байгаа нэг асуудал бол Стандарт банктай 10-аад жилийн өмнө холбогдсон асуудал. Английн хатан хааны дэргэдэх шүүхээс шийдвэр гарчихсан асуудал бий. Үүнийг бид холбогдох албаныханд танилцуулна” гэв.

"Өрсөлдөх чадвар буюу тээврийн асуудлыг бид бүгдээрээ мэддэг хэрнээ хийдэггүй"

Улаанбаатар хотын банкны тэргүүн орлогч захирал О.Банзрагч "Хүссэн, эс хүссэн манайх уул уурхайн орон. Өрсөлдөх чадвар буюу тээврийн асуудлыг бид бүгдээрээ мэддэг хэрнээ хийдэггүй.

Үнэ дандаа өндөр байхгүй. Одоо уул уурхайн компаниуд ложистикийн компани болчихсон. Бид өртгөө буулгах, тээврийн асуудлаа шийдэх нь дотооддоо шийдэх хамгийн чухал асуудал юм. Улаанбаатар төмөр замын өртөг л гэхэд нэг тонн ачаа зөөхөд дэлхийн жишгээс 4 дахин өндөр. Ийм нөхцөлд ашиг олоход хэцүү. 

Дараагийн асуудал бол банкууд хэрэглээний зээл рүү их хошуурч байгаа. Энэ нь импортыг дэмжсэн зээл юм. Тиймээс бодлогын хувьд Монголбанк тодорхой арга хэмжээ авах боломжтой. Тэгвэл хэрэглээний зээлүүдийг хязгаарлах боломжтой. Экспорт руу чиглэсэн үйлдвэрлэлүүдээ Хөгжлийн банк болон арилжааны банкууд дэмжих хэрэгтэй" гэв.

"төрийн оролцоог зохистой түвшинд хадгалахгүй бол төсөвт маш их ачаалал ирж, татварын асуудлыг бий болгоод байна"
 

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "2016 оноос хойш эдийн засагт өрнөж байгаа үйл явдлуудыг харахад олон улсын харилцаа бидний эдийн засгийн бодлогыг тодорхойлох дүр зураг харагдаж байна. Учир нь бид гадаад зах зээлээс хамааралтай.

Цаашид эдийн засгийн амьдралд маш ухаалаг, маневр сайтай, зөв төлөвлөсөн дипломат харилцаа чухал нөлөөтэй болох нь харагдаж байна.

Хоёрдугаарт, бид өнгөрсөн хугацаанд хийсэн бодлогуудаасаа болж бодлого тодорхойлогч, хүлээлт үүсгэдэг байгууллагууд болон Төв банк, Сангийн яам, Хөгжлийн банкны нэр хүндэд эрсдэл үүссэн. Эдгээр байгууллагуудын хэлж буй үгэнд хүн итгэж байж цаашаа бизнесийн шийдвэрүүд гаргадаг учраас нэр хүндийн асуудал маш чухал юм.

Гуравдугаарт, төрийн оролцоог зохистой түвшинд хадгалахгүй бол төсөвт маш их ачаалал ирж, татварын асуудлыг бий болгоод байна.

Ойрын хугацаанд тулгарч буй хүндрэл бол гадаад өрийн тогтвортой байдал. Бид эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай болж байж л энэ асуудлаас гарна. Төрөлжилтийн бодлогыг цаг алдалгүй хийх хэрэгтэй" гэв. 

Чуулганд оролцогчид ийнхүү өөрсдийн байр сууриа илэрхийлснээр хоёр дахь өдрийн хуралдаан дууслаа. 

Монголбанкнаас санаачлан "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН-тэй хамтран “Эдийн засгийн бодлогын чуулган-2018” анхдугаар  чуулганыг Орхон аймагт энэ сарын 19, 20-ны өдрүүдэд “Эдийн засгийн чиг хандлага, сорилтууд” сэдвийн дор зохион байгуулсан билээ. "Эдийн засгийн бодлогын АНХДУГААР ЧУУЛГАНААС хийсэн тэмдэглэл 1"-ийг ЭНД ДАРЖ уншина уу.