Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Аллен Мастерсын анхны түрүүгээ хүртлээ

SPS телевиз
2018 оны 1 сарын 22
SPS
Зураг зураг

Снүүкерийн оны хамгийн эхний бөгөөд хамгийн нэр хүндтэй гурван тэмцээний нэг Dafabet Masters өчигдөр өндөрлөлөө. Эхний шатнаасаа л дуулиан дүүрэн эхэлсэн энэхүү тэмцээний шигшээ тоглолтод Умард Ирландын тамирчин Марк Аллен болон Английн тамирчин Кайрен Вилсон нар шалгарч үлдсэн юм.

Хоёр тамирчны хэн хэн нь шигшээ тоглолтод анх удаа шалгаран өрсөлдсөн бөгөөд Марк Аллены хувьд Бельгийн Лука Бреселыг 6:3-аар, Мастерсийн домогт аварга Ронни О’Салливаныг 6:1-ээр, Шотландын Жон Хиггинсыг 6:3-аар тус тус буулган авсан. Харин замналдаа ганцхан Шанхай Мастерсд түрүүлж асан Кайрен Вилсон эхний шатанд Барри Ховкинсыг 6:4-өөр, Уэльсийн Марк Виллиамсыг 6:1-ээр, Жүдд Трампыг 6:5-аар хүнд тоглолтын эцэст буулган аваад байлаа.

Шигшээ тоглолтын үдээс өмнөх хэсэгт хоёр тамирчин маш ширүүн өрсөлдөж 4:4-өөр тэнцсэн юм. Харин үдээс хойшх хэсгийн эхний хоёр өрөгт хоёр тамирчин ээлжлэн ялсан ч Кайрен Вилсон тун амархан цохилтыг дараалан алдаж анхаарлаа алдсан бөгөөд Марк Аллен энэ боломжийг ашиглаж өргийн харьцааг 8:5 болгон холдуулсан. Мастерсын шигшээ тоглолтод анх удаа шалгарсан хоёр тамирчны сандрал өөрсдөд нь саад болсоор Марк Аллен тун энгийн цохилтоо алдаж Кайрен дараагийн хоёр өрөгт ялж тоглолтын харьцааг 8:7 болгоод байлаа.

Гэхдээ Марк илүү бэлтгэл сайтай байгаагаа харуулж өрсөлдөгчөөсөө түрүүлэн 10 өрөгт ялснаар 1987 оноос хойш анх удаа Мастерст түрүүлсэн Умард Ирланд тамирчин болсон  бөгөөд шагналын 200 мянган фунт стерлингийг өөрийн болгосон юм.

Тоглолтын дараа Марк BBC агентлагт өгсөн ярилцлагадаа “Би түрүүлэхийн тулд дэндүү урт замыг тууллаа. Үдээс өмнөх хэсэгт өөрийгөө тайван байлгахыг зорьж илүү итгэлтэй, шийдэмгий тоглохыг хүссэн. Мастерсын цомын эзэн болно гэж итгэж байсангүй. Эх орондоо энэхүү цомыг буцаан авчирсандаа маш их баяртай байна. Өөрийн замналдаа маш том алхам хийлээ” гэжээ.

Зураг