Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Баттулга: Бизнес эрхлэгчдийгээ НӨАТ-ын хуулиар дарамтлах боллоо

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 22
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хорооноос НӨАТ-ын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хорооны тэргүүн Д.Араажав "Бид УИХ, Ерөнхий сайд, УИХ-ы даргад өргөх бичиг барих гэж байна. 2016 оны нэг сарын нэгнээс эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийг хамруулахдаа иргэн, аж ахуйн нэгж хоёрыг хамтатгасан. Дээрээс нь энд байгаа аж ахуйн нэгжээс гадна дэлгүүр, лангуу, түц, хувиараа бизнес эрхлэгчдийг энэ хуульд хамруулан нэг гараанаас гаргаж байгаа нь хамгийн том алдаа гэж харж байгаа.

Нэгдсэн орлогын албан татварын хуулийн 5.52-т зааснаар үйл ажиллагааных нь борлуулалтын хэмжээ нь 50 сая төгрөгөөс дээш гарсан хүн автоматаар суутган төлөгч болдог. Тэгэхээр хувиараа бизнес эрхэлж байгаа иргэн өөрийн хурдаараа аж ахуйн нэгжийг яагаад ч гүйцэж чадахгүй. Тиймээс энэ асуудлаа эргэн харахыг хүсэж байна.

Дэлгүүр, түц, лангууны бизнес эрхэлж байгаа иргэд дээр татварын байцаагч нар ирж кассын машин тавихыг шаарддаг. Энэ машиныг эхний ээлжид QR код буюу бар кодоор явна гэсэн. Тэгэхээр энэ газруудад ажиллаж байгаа хүн голдуу БНХАУ-аас худалдан авалт хийдэг. Худалдан авалт хийснийхээ дараа гаальд бүрдүүлэлт хийх гэхээр зайлшгүй контаркт буюу бичиг нэхдэг. 

Худалдаа эрхэлж байгаа иргэд ягаан тасалбартай ирдэг ч гааль болон бусад албан байгууллагууд үндэслэлтэй бичиг баримт биш гэж үздэг. Тэгэхээр бид үүнийг илүү бодитой харж, гарааны үндэс гаргаж байж дорвитойгоор ажиллах шаардлагыг тавьж байна. Энэ бизнесийг эрхлээд нэлээдгүй жил болж байгаа, мөн дөнгөж эхэлж байгаа хүн ч бий. Эдгээр хүмүүс бүгд банк бус санхүүгийн байгууллагаас зээл авдаг.

Зээлийнх нь хамгийн доод хэмжээ 1.8 хувь байвал жилд 21.6 хувийг эргүүлэн төлдөг. Мөн 15.5 хувийн татварыг гаальд тушааж, эрүүл мэнд, нийгмийн даатгалаа өөрсдөө төлдөг. Үүн дээр нэмээд НӨАТ-ын татвар төлбөл хэцүүднэ. Тиймээс шийдвэрээ эргэн харахыг хүсэж байна" гэлээ.

бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд бүх арга хэмжээг авна

 
Гэрэл зургийг mpa.mn

"Да хүрээ трэйд" ХХК-ийн ҮХ-ны дарга Г.Баттулга "Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Иргэдийн цалин дэлхийн жишиг байтугай жирийн ажилчдын хэмжээнд хүрэхгүй байхад татвар, НӨАТ-аар биднийг дарамталсаар байна. Хувиараа бизнес эрхлэгчид бид төрөөс ажлын байр, мөнгө гуйгаагүй. Орлогыг тухай бүрт нь тодорхойлох бизнес эрхлэгчдэд эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгөөгүй мөртлөө НӨАТ-ын хуулиар дарамтлах боллоо. 

Бид үүнийг эсэргүүцэж байна. Цаашдаа бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд бүх арга хэмжээг авах болно" гэсэн юм.