Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийхэд борлуулалт, хөрөнгө оруулалт тулгамдсан асуудал болоод байна гэв

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 22
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудтай Нийслэлийн Засаг дарга С.Батболд, БХБЯ-ны төлөөлөл өнөөдөр уулзлаа. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Улаанбаатар хотыг агаарын бохирдлоос салгах хамгийн эцсийн гарц бол гэр хорооллыг орон сууцжуулах гэдэгт бол бид санал нэгтэй байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 24 байршил байгаа бөгөөд үүнийг 75 хэсэгчилсэн талбайд хуваасан.

Гэр хорооллын дахин төлөвлөлт төслийн хүрээнд 1,510 айлын газрыг чөлөөлсөн. Одоогийн байдлаар 5,197 айлын орон сууц бидний төлөвлөсөн 24 байршил дээр ашиглалтад ороод байна. 

2012-2017 он буюу 5 жилийн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтцийн ажилд улс, нийслэлийн төсвөөс 104.3 тэрбумыг зарцуулсан. 

2020 он гэхэд 24 байршил дээр 16 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Үүнийг хийхийн тулд компаниуд өөрсдөө хөрөнгөө гаргаад байшингаа барихаас гадна улс, нийслэлийн төсөвт 192 тэрбум төгрөг шаардлагатай байна гэсэн тооцоог хийгээд байна. 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхэд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал байгаа. Дахин төлөвлөлт дээр ажиллахаар болсон бүх компаниуд хоёрдугаар сарын 01-ний дотор үйл ажиллагааныхаа тайланг гаргаж өгөх ёстой" гэлээ.

Дахин төлөвлөлтийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно

 
Гэрэл зургийг mpa.mn

БХБ-ийн дэд сайд Ш.Лхамсүрэн "Улаанбаатар хотын гэр хорооллыг төвийн, захын, дундын гэсэн бүсчлэлээр хөгжүүлэхээр төлөвлөж байгаа. Барилга хот байгуулалтын яамнаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох тал дээр ажиллаж байна.

Барилгын салбарт хөрөнгө оруулалт хийх гэж байгаа гадаадынхны бодлого сэргэж байна. 

Төсөл хэрэгжүүлэгч компаниудад Засгийн газраас дэмжлэг үзүүлэх талаар анхаарч, хөрөнгө оруулалтын албан ёсны уулзалтад хамтран оролцоход Барилга Хот Байгуулалтын Яамны зүгээс татгалзах зүйл байхгүй" гэв. 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд "Барилгын компаниудад ипотекийн зээл хэрэгтэй байна. Цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийхэд борлуулалт, хөрөнгө оруулалт тулгамдсан асуудал болоод байна" гэдгийг хэлж байлаа.