Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Мөнгөний бодлогоос гадна Төсвийн бодлого их чухал"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2018 оны 1 сарын 22
iKon.MN

-Эдийн засгийн бодлогын АНХДУГААР ЧУУЛГАНААС хийсэн тэмдэглэл 1- 

 

“Дефолт, ханшийн огцом савлагаа, санхүүгийн системийн хямрал, эдийн засгийн уналт, магадгүй үүнийг дагасан нийгмийн тогтворгүй байдалтай бид нүүр тулахад ойрхон байсан. Дахин ийм сорилт, хүнд нөхцөл бүү тулгараасай” хэмээн Н.Баяртсайхан Ерөнхийлөгч эдийн засгийн бодлогын анхдугаар чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцлов.

Тэрбээр цаашид “Хэдийгээр бид аюулаас аврагдсан ч холдож амжаагүй байна. Зүйрлүүлж хэлбэл ангалын ирмэгээс сайндаа л 2-3 алхам холдож чадсан. Монголын эдийн засагт маш олон үзүүлэлтээр эерэг хандлагууд ажиглагдаж, зах зээл дээр итгэл сэргэж эхлээд байна. Эдийн засагт тулгарсан аюул, эрсдлүүд биднээс түр холдсон ч цаашид хийх ажил маш их байна.

2018 он бол бидний хувьд би болсон эерэг өөрчлөлтүүдээ бататгаж, ирээдүйд тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэх маш чухал жил болох ёстой гэж үзэж байна. 2018 он бол шинэчлэл, реформын жил болох ёстой. Энэ оныг бид үүлэн чөлөөний нар гийсэн үетэй адилтгаж эдийн засгаа өөд нь татах ёстой” гэв.

Монголын эдийн засгийн жилийн өнгийг тодорхойлох “Эдийн засгийн бодлогын чуулган-2018” Орхон аймагт анх удаа “Эдийн засгийн чиг хандлага, сорилтууд” сэдвийн дор зохион байгуулагдлаа. Монголбанкнаас санаачлан зохион байгуулсан уг чуулганд Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, УИХ-ын Эдийн засаг, Төсвийн Байнгын хороо, Үндэсний Статикийн Хороо, Монголын Ипотекийн Корпораци, Хөгжлийн банк, Арилжааны банк, хэвлэл мэдээллийн төлөөллөөс бүрдсэн 100 гаруй хүн оролцсон юм.

Чуулганд оролцогчид хоёр өдрийн турш

  • Мөнгөний бодлогын хэрэгжилт, сургамж,
  • 2018 оны эдийн засаг, санхүүгийн салбарын төлөв, сорилтууд,
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа,
  • Цахим мөнгө криптовалютууд гэсэн дэд сэдвийн дор хуралдлаа.
"Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд сүүлийн жилүүдэд гарсан төвөгтэй зүйл нь улс төрийн нөлөөлөл"
 

ИЛТГЭЛ 1. Мөнгөний бодлогын хэрэгжилт, сургамж

Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч гол институци болох Монголбанкнаас өнгөрсөн жилүүдэд хэрэгжсэн Мөнгөний бодлогын үр нөлөөний талаар илтгэл, судалгааг танилцууллаа. Монголбанкны Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн ахлах эдийн засагч Д.Болдбаатар "Энд гарч буй санал бол хувь судлаачийн байр суурь" гэдгийг онцолсон юм.

Тэрбээр "Монголын эдийн засгийн зовлон бол уул уурхайгаас хараат байдал. Бидний экспортолдог гол бараа, бүтээгдэхүүний үнэ бүхэлдээ ижил өөрчлөгддөг. Бүх зүйл ижил нэг чигт өөрчлөгдөөд байх юм бол эрсдэл нь маш том болдог. Худалдааны нөхцөл, гаднаас орж ирж буй шок манай эдийн засагт бүхэлд нь нөлөөлөх чадвартай гэдгийг 2008 оны уналт, 2011 оны огцом өсөлт, үүнээс хойшхи удаан хугацааны уналтууд харуулж байна.

Ийм эдийн засгийн орчинд тулгарч буй дараагийн төвөгтэй зүйл бол гадаадын хөрөнгө оруулалт. Гадаадын хөрөнгө оруулалт үүнийг дагаад тогтворгүй болж эхэлдэг. Гадаадын хөрөнгө оруулалтын огцом уналт эдийн засгийн хүндрэлийг бий болгож байна.

Энэ үед эдийн засагт гарсан төвөгтэй зүйл бол төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн алдагдал хосолсон орчин. Энэ хоёр зэрэгцэхээрээ гадаадаас олж авах доллар хомсдож, дотоод эдийн засгийг тэтгэх боломжоо алдаж байгаа юм. Хос алдагдлыг бууруулах чиглэл макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж чадаагүйгээс болж Монголын өмнө том сорилтууд бий болсон. Том сорилтуудын илрэл нь өөрөө валютын ханш юм.

Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд сүүлийн жилүүдэд гарсан төвөгтэй зүйл нь улс төрийн нөлөөлөл. Төв банкны зорилго нь төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Үүнийг тодруулж хэлэхэд төгрөгөөр авч буй хөрөнгө буурахгүй байх ёстой л гэсэн зарчим. Ихэнх тохиолдолд үүнийг валютын ханш руу хувиргаж тайлбарлах хандлага тохиолддог.

Төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Засгийн газар, Төв банк аль аль нь том хувь нэмэр оруулах ёстой гэдгийг хэлье. Засгийн газрын хөтөлбөрийг банканд олгосон зээлээр дамжуулан санжүүжүүлснээр мөнгөний нийлүүлэлт ихээхэн нэмэгдэж, мөнгөний бодлогын хүүгийн үр өгөөж буурсан. Мөнгөний бодлого 2012-2016 онд сангийн бодлогыг санхүүжүүлэхэд зориулагдсан. Зах зээл дэх хүүгээс бага хувиар нийлүүлснээр мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх орон зай хомсдсон" гэв. 

"Бүх шалтгаанаа түүхий эдийн үнийн өсөлтөөс хамааралтай гэж хэлж болохгүй. Бид экспортын биет хэмжээгээ өсгөж болох байсан"
 

Хэлэлцүүлэг 1. Мөнгөний бодлогын хэрэгжилт, сургамж

Мөнгөний бодлогын сургамжийн талаар оролцогчид нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Монголбанкны Ерөнхий эдийн засагч Ж.Ганбаатар "2008 оны хямралаас хойш АНУ-ын Төв банкнаас уламжлалт бус мөнгөний бодлогын арга хэрэгслийг их хэрэгжүүлсэн. Одоо болтол энэ бодлогын талаар эдийн засагчид маргалдсан хэвээр байна.

Өнгөрсөн жилүүдэд манайх мөнгөний уламжлалт бус бодлого хэрэгжүүлж, 7 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлсэн. Манайх шиг уул уурхайн эдийн засагт суурилсан, хөвөгч ханштай улс орон мөнгөний уламжлалт бус бодлого хэрэгжүүлэх нь хэр зохимжтой вэ" хэмээн оролцогчдоос асуув. 

Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр энэ талаар "Том 20-ын Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч нарын уулзалт жил бүр болдог. Тэд хамтдаа ярилцаж байгаад мэдэгдэл гаргадаг. Мэдэгдэл болгон дээр гурван гол бодлого яригдаж байгаа. Мөнгөний бодлого, Төсвийн бодлого, Бүтцийн өөрчлөлтийн бодлого. Дээр нь манай улсын хувьд ач холбогдолтой нь Гадаад худалдааны бодлого. Энэ дөрвөн бодлого харилцан уялдаатай байх нь эдийн засгийн өсөлтийн хамгийн оновчтой арга юм. 

Мөнгөний бодлогоос гадна Төсвийн бодлогыг их чухал гэж хэлмээр байна. Ялангуяа өнгөрсөн 4 жилийн алдаанаас харахад. 2012 онд анх "Чингис бонд"-ыг босгосон. Тухайн үед олон улсын банк, санхүүгийн байгууллагууд Монголд төлөөлөгчийн газраа нээж, хөрөнгө оруулахыг уриалж байсан. 

Манайхтай ижил түвшний, экспортоос хараат, хөгжиж буй улс орнуудыг хөгжлийн хурдацыг харахад манай эдийн засгийн өсөлт буурсан нь тодорхой гажуудал, алдаа байсныг харуулж байна. Бүх шалтгаанаа түүхий эдийн үнийн өсөлтөөс хамааралтай гэж хэлж болохгүй. Бид экспортын биет хэмжээгээ өсгөж болох байсан.

2015 онд бид 15.5 сая тонн нүүрс экспортолж 550 сая ам.долларын орлого олжээ. Гэтэл 2017 онд 33 сая тонн нүүрс экспортод гаргаж 2.2 тэрбум ам.долларын орлого олсон. Үнийн нөлөөлөл байгаа ч бид нүүрсний биет хэмжээг 2 дахин, орлогыг 4 дахин өсгөж болж байна. Энэ бол хангалттай тоо. Үнэ, биет хэмжээ гэсэн хоёр хувьсагчийн нэг нь биднээс хамаарч байгаа. Нэг хувьсагчаа бид жолоодох боломжтой. 2017 онд жолоодсон учраас бид амжилтад хүрсэн. Энэ бол гадаад худалдаа, төсөв, экспортоо дэмжих бодлого. Төсвийн алдагдлаа бид гадаадын зээл тусламжаар санхүүжүүлж байгаа гэдгээ тайлбарлах хэрэгтэй.

Ойрын хугацаанд бидний хэрэгжүүлэх боломжтой бодлого бол эдийн засгийн төрөлжилтөөс гадна экспортын төрөлжилт юм" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлэв. 

О.Орхон: Миний шүүмжлэх гол зүйл бол төсөв, мөнгөний бодлого уялдаа холбоогүй байдал
 

Өнгөрсөн жилүүдэд хэрэгжсэн Мөнгөний бодлогын талаар Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхон "Дэлхий нийтээрээ 2008 оны хямралаас хойш шинэ тэнцвэрийн бодлого руу шилжсэн гэж ойлгосон. Төв банк дандаа уламжлалт, хатуу бодлого явуулахаас илүүтэйгээр мөнгө нийлүүлж, эдийн засгаа дэмжих бодлого хэрэгжүүлсэн гэж бид ойлгосон. Бодит амьдрал дээр бид шинэ гаргаж ирсэн зарчмыг зөв гэж үздэг. Төв банк эцсийн зээлдэгчийн хувьд арилжааны банкуудад шаардлагатай тохиолдолд шаардлагатай салбарт хөрөнгө оруулах үйл ажиллагаа явуулах нь зүйтэй л гэж үздэг. Тэр тусмаа хөрөнгийн зах зээл нь хөгжөөгүй, зөвхөн дотоодоосоо эх үүсвэрээ хангадаг үед Төв банк цаашдаа ч гэсэн мөнгөний нийлүүлэлтийг хийж үзэх нь зүйтэй.

Миний шүүмжлэх гол зүйл бол төсөв, мөнгөний бодлого уялдаа холбоогүй байсан. Төсөв тэлээд ирэх үед Төв банк нь мөнгөний бодлогоо хатууруулж, бусад үед нь чөлөөлөх маягаар тэнцвэрээ хадгалсан бол ийм нөлөө гарахгүй байсан болов уу гэж харж байна.

Валютын ханшийг хүчээр барьж, интервенц их хийсэн. Өнгөрсөн жилүүдэд Төв банк, Засгийн газрын бодлого зөрөөд муудалцсан. Анх бондоо босгож байхдаа бондын мөнгөөр уул уурхайн дэд бүтцээ барина, бүтээн байгуулалт хийнэ, төмөр замаа барина, Таван толгойгоо явуулна гэж ярьсан. Ирэнгүүтээ Засгийн газрын байр суурь эргэсэн. Таван толгой, Оюу толгойг гацаасан. Орж ирнэ гэсэн 2-3 тэрбум ам.доллар сураггүй алга болсон. Засаг маань хэлсэн, хийсэн амлалтуудаа биелүүлээгүй эдийн засгийг албаар хүндрэл рүү оруулсан.

Тэгэхээр төсөв, мөнгөний бодлогын уялдаагүй байдал, бодлогын зөрчилдөөн, амласнаа биелүүлээгүй байдлаас болсон. Тиймээс би зөвхөн Монголбанкыг тасдаж аваад буруу туршилт хийжээ гэж үзэхгүй байна. Цаашид Төв банк тодорхой секторыг онилж санхүүжилт олгох үйл ажиллагаагаа бүр мөсөн битгий зогсоогоосой.

Эцэст нь хэлэхэд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүү зах зээлийн үнээс огцом зөрүүтэй байсан. Монголбанк арилжааны банкуудад өгсөн мөнгөө данснаас сайхан суутгаад авчихсан. Яг бодит амьдрал дээр төсөл, хөтөлбөр авсан зээлдэгчид мөнгөө төлөөгүй байгаа. Яг бодит байдал дээр зарим зээл нь чанаргүй болчихсон байгаа" гэв. 

 

"Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулган"-аас хийсэн сурвалжлагаа 2018 онд тулгарч буй сорилтууд, цахим мөнгө, криптовалют сэдвээр үргэлжлүүлэн хүргэх болно.