Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн түүхэнд анх удаа нэг Солонгосын баг тэмцээнд өрсөлдөхөөр боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гарагт Олон Улсын Олимпийн Хороо, Өмнөд ба Хойд Солонгосын спортын албаныхан Швейцрийн Лозань хотод уулзаж, Пёнчаны Өвлийн Олимпийн наадамд хоёр Солонгос хэрхэн оролцохыг эцэслэн шийдлээ.

Шийдвэр ёсоор Пёнчанд Хойд Солонгосын 22 тамирчин нийт 5 төрөлд өрөслдөхөөр болж байна. Мөн Олимпийн түүхэнд анх удаагаа хоёр Солонгосын хамтарсан эмэгтэй хоккейн баг “Солонгос” гэсэн нэрийн дор тэмцээнд оролцоно. Тэдний төрийн дуулал нь “Ариранг” дуу байхаар болжээ. Хоккейн багийн 23 гишүүнийг 35 болгон нэмэгдүүлж, үүнээс 23 нь Өмнөд, 12 нь Хойд Солонгосын тамирчид байхаар тохирсон байна.

Нээлтийн арга хэмжээнд хоёр Солонгосын тамирчид нэг ижил хувцастай, Солонгосын нэгдлийг билэгдсэн далбаан дор жагсах гэнэ.

Хойд Солонгосын тамирчид эмэгтэй хоккей, уулын болон гүйлтийн цана, уран гулгалт, шорт трэк гэсэн таван төрөлд оролцоно. Үүнээс гадна тус улсаас албаны 24 хүн, хэвлэл мэдээллийн 21 төлөөөлөгч оролцохоор боллоо. Мөн урлагийн багийг Пёнчанд ирүүлэхээр хоёр улсын засгийн газар хооронд ярилцаж байгаа билээ.

“Пёнчаны Өвлийн Олимпийн наадам Солонгосын хойгийн гэрэлт ирээдүйг нээнэ гэж итгэж байна. Дэлхий нийт энэ итгэл найдварыг хамтдаа тэмдэглэхээр Пёнчанд цугларах болно” хэмээн  ОУОХ-ы ерөнхийлөгч Томас Бах хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.

Хоёр Солонгос нь 1953 оноос хойш энхийн гэрээ байгуулалгүй, дайны байдалтай байгаа юм. Ирэх сард олимпийн наадам болох Пёнчан хот нь хоёр Солонгосыг хувааж байдаг хилийн зурвасаас өмнө зүгт 80 км зайд оршдог.

 

Эх сурвалж: AFP