Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп есөн сарын дараа хүүхэд эхээс төрдөг нь буруу гэж ярьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Вашингтон хотноо 45 жилийн түүхтэй “March for Life” үр хөндөлтийн эсрэг жил бүрийн цуглаан болсон юм.

Цуглаанд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп оролцож, үр хөндөлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ тэр энэ үеэр нэгэн ноцтой алдаа гаргасан байна.

Трамп хэлсэн үгэндээ “Яг одоо хэд хэдэн муж улсын хуулинд хүүхдийг эхийн хэвлийгээс есөн сарын дараа төрүүлэхийг зөвшөөрч байна. Энэ бол буруу. Үүнийг өөрчлөх ёстой” гэж өгүүлсэн юм.

Трамп уг нь өөр санааг хэлэх гэж байгаад андуурч будилсан бололтой. Тэр жирэмслэлтийн хожуу шатанд үр хөндөж, ургийг эхийн хэвлийгээс “гаргадаг” явдлыг буруутгасан санаа хэлэх гэж байгаад ийм алдаа гаргасан гэж хүмүүс үзэж байна.

Гэхдээ Трампын алдааг цуглаанд оролцогчид төдийлөн тоолгүй өнгөржээ.

Учир нь АНУ-ын ерөнхийлөгчийн албыг хашиж байх үедээ “March for Life” цуглаанд оролцсон анхны хүн Трамп болж байгаа тул үр хөндөлтийн эсрэг тэмцэгчид энэ гавьяаных нь төлөө түүний ямар ч алдааг нь уучлахад бэлэн байв.

Анх 1973 онд Дээд Шүүх орон даяар үр хөндөлтийг зөвшөөрсөн түүхэн шийдвэр гаргаж байжээ. Тэр цагаас хойш үр хөндөлтийг эсэргүүцэгчид жил бүр энэ алдаатай шийдвэр гаргасан өдрийг сануулан тэмцдэг болсон байна.

 

Эх сурвалж: AFP