Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс Бээжин хүрэх чадвартай пуужин туршсаныг Хятадын төрийн хэвлэл шүүмжлэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Энэтхэг улс энэ долоо хоногт алсын тусгалын баллистик пуужин туршсан нь Хятадын зүүн эргийн хотуудад цохилт өгөх чадвартай байсан юм.

Өнөөдөр Хятадын коммунист намын албан ёсны хэвлэл болох Глобал Таймс сонинд Энэтхэгийн пуужингийн туршилт үндэсний аюулгүй байдалд нь заналхийлж байна гээд үүний хариуд Энэтхэгийн далайд өөрийн байр сууриа улам нэмэгдүүлэхийг уриалжээ. Мөн цөмийн зэвсгийг хязгаарлахын төлөө дэлхий нийтийн тэмцэлд Делийн эрх баригчдыг саад учруулж байна гэж шүүмжилсэн байна.

Энэтхэг улс түүхэндээ тав дахь удаагаа пуужин туршсан нь энэ юм. Agni-5 гэгдэх пуужингийн нэр нь Хинди хэлээр “Гал” гэсэн үг. Пуужингийн тусгал 5,000 гаруй километр зайнд хүрэх чадвартайг Энэтхэгийн батлан хамгаалах яамны эх сурвалж мэдээлжээ. Энэ нь Хятадын Бээжин, Шанхай хотуудад 1.5 тонн цөмийн цэнэгт хошуу хүргэх чадвартай гэсэн үг. Agni ангиллын пуужингууд дотор хамгийн орчин үеийн загвар болж байна.

Гэвч Хятадын цэргийн мэргэжилтнүүд Энэтхэгийг тусгалын зайгаа санаатай бууруулан мэдээлж, дэлхийн бусад улс орнуудын анхаарлаас холдуулахыг хичээж байна гэж шүүмжилжээ.

Хэдхэн сарын өмнө Хятад-Энэтхэг улсуудын зэвсэгт хүчин Хималайн нуруунд байрлах хилийн маргаантай зурваст тулгарсан юм. Тэд 1962 онд хилийн маргаанаас болж дайтаж байсан ба тэр цагаас хойш хил хязгаарын асуудал огт шийдэгдээгүй байгаа.

Энэ долоо хоногт Энэтхэг улс Японтой хамтран Энэтхэгийн далайд байлдааны сургуулилалт явуулсан. Энэ бүс нутагт Хятад улс нөлөөгөө тогтоохыг хичээж байгаа юм. Тухайлбал Шри Ланка улсад их хэмжээний хөрөнгө оруулж, өөрийн боомтыг байгуулж байгаа. Мөн Пакистантай хамтын ажиллагаагаа идэвхжүүлээд байгаа юм.

 

Эх сурвалж: Time.Com