Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын ерөнхий сайд хөл хүнд болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн хөл хүнд болсноо өнөөдөр өглөө зарлажээ.

“Би удахгүй эх хүн, бас ерөнхий сайд болох бол Кларк (нөхөр нь) гэртээ суудаг эцэг болох гэж байна. Маш олон асуултууд урган гарч байна!” хэмээн твиттер хуудсандаа тэр бичсэн байна.

Ингэснээр Ардерн орчин үеийн түүхэнд засгийн газрыг тэргүүлж байхдаа хүүхэд төрүүлсэн хоёр дахь удирдагч болох юм. 1990 онд Пакистаны ерөнхий сайд Беназир Бхутто ууган охиноо төрүүлж байжээ.

Шинэ Зеландын хуулиар шинэ хүүхдийн эцэг, эх нийлээд 18 долоо хоногийн чөлөөг хувааж эдэлдэг.

Ардерн “Өчигдөр би орлогч сайд Уинстон Питерстэй уулзаж, жирэмсэн болсноо дуулгаад хүүхдээ төрүүлснээс хойш 6 долоо хоногийн хугацаанд ерөнхий сайдыг орлон ажиллахыг түүнээс хүслээ” гэж мэдээлжээ.

Харин 6 долоо хоногоос цааш ерөнхий сайдын нөхөр хүүхдээ арчлан халамжлах юм байна. “Бид хүүхэдтэй болсноо аравдугаар сарын 13-нд мэдсэн боловч бусад хосуудын нэгэн адил нууцалж байв. Хувь хүнийхээ хувьд би эх хүний үүргээ биелүүлэхийг хүсэж байна. Гэвч ерөнхий сайдын ажилдаа тэнцүү анхаарал тавихаас өөр аргагүй байна” гэж Ардерн мэдэгдэлдээ бичжээ.

Түүний энэ шийдвэр Шинэ Зеландын ажил хийдэг эхчүүдийн хувьд ч том үлгэр жишээ болно гэж олон нийт үзэж байгаа гэнэ.

Жасинда Ардерн өнгөрсөн оны аравдугаар сард Шинэ Зеландын 40 дэхь ерөнхий сайдаар томилогдож байв.

 

Эх сурвалж: Mashable