Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хакүхо башёг өнжиж, Асасэкирюүгийн зодог тайлах ёслолын тов гарлаа

Б.Зул, Үндэсний шуудан
2018 оны 1 сарын 19
Үндэсний шуудан
Зураг зураг

Монголын сүмоч Асасэкирюү Б.Дашнямын зодог тайлах ёслолын тов гарчээ. Түүний ёслол ирэх сарын 4-нд Японы нийслэл Токио хотын "Рёогокү Кокүгжан” ордонд болох юм.

Тухайн өдрийн 11.30 цагт эхлэх зодог тайлах ёслолын тасалбарын урьдчилсан захиалга хэдийнээ дууссан байна. Мэргэжлийн сүмод хөл тавьсан анхны монгол сүмочдын нэг Асасэкирюү Б.Дашням 1997 онд Японд очиж, сүмогийн спортоор хичээллэж эхэлжээ.

2000 оны тэргүүн башёд сүмогийн дэвжээнд гарч, 2003 оны хаврын башёгоос макүүчи зиндаанд дэвшин барилдах болсон юм. Дээд зиндаанд 57 башё барилдахдаа тусгай шагнал таван удаа хүртэж, сэкиваки цолд хүрч байв. Гэвч 2016 оны юоүшю башёд макүшитад унах хүртэл амжилт нь буурч, цолтой бөхчүүдийг тодорхойлдог сэкитори гэх статусаа алдсан билээ. Өдгөө 37 настай тэрбээр зодог тайлсны дараа сүмогийн ертөнцдөө үлдэж, ояката болох хүсэлтэй тул иргэншлээ сольж, өнгөрсөн дөрөвдүгээр сард Японы иргэн болсон юм.

Асасэкирюү цаашид Нишикижима ояката нэр авч, ижил нэртэй дэвжээг тэргүүлэн ажиллах ажээ. Өнгөрсөн 2017 онд Асасэкирюү Б.Дашнямаас гадна ёкозүна Харүмафүжи, Шотэнро нар зодог тайлсан. Үүнээс гадна сүмогийн 69 дэх их аварга Хакүхо баруун, зүүн хөлийнхөө хуруунд гэмтэл авсан тул 2018 оны анхны башёг орхив.

Эмч түүнийг 14 хоногийн хугацаад эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн онош тавьсан учраас башёг ийнхүү өнжих болж байна. Дашрамд сонирхуулахад, хацү башёг 71 дэх аварга Какүрюү дөрвөн бөхийн хамтаар нэг ч уналгүй тэргүүлж байгаа юм.

Зураг