Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн цагдаа Хятадын мафийн 33 гишүүнийг баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Европ даяар Хятадын бараа түгээлтийг атгадаг, хар тамхи, хүний наймаа, мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг мафийн бүлгийн 33 гишүүнийг баривчилснаа Италийн цагдаагийн газар өчигдөр зарлажээ.

Бүлэглэлийн төв нь Флоренцийн ойролцоох Прато хот юм байна. Энэ хот нь нэхмэлийн аж үйлдвэрийн төв бөгөөд энд Хятад эзэнтэй үйлдвэрүүд олноор байдаг.

Харин бүлэглэлийн гишүүд Ром, Милан, Падуа, Парис, Мадрид болон Германы хотуудад суудаг бөгөөд тэднийг нэг зэрэг баривчилсан байна. Мафийн толгойлогч Жан Найжон нь Ромд амьдардаг. Тэр хууль бус ажиллагаанаас олсон мөнгөөр Хятадын бараа бүтээгдэхүүнийг Европ даяар түгээдэг тээврийн компани байгуулжээ.

Цагдаагийн бичиг баримтад түүний Франц дахь гурван хамтрагчтайгаа утсаар ярьсан ярианы бичлэгийг хавсаргасан байна. Уг бичлэгт тэр “Би хоёр л зүйлийг хэлнэ. Хэрвээ та нар надтай хамтарвал амьд үлдэнэ. Үгүй бол үхнэ” гэжээ.

Түүнийг ингэж хэлсний маргааш гурван хамтрагч нь ирж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ амласан байна. Итали улс зохион байгуулалттай гэмт хэрэгтэй удаан хугацааны турш тэмцэж байгаа. Тэдний алдартай Сицилийн мафиас гадна сүүлийн үед дүрвэгсдийн урсгалыг дагаж Нигерийн , Хятадын мафиуд хүчээ авах болжээ.

Италийн цагдаа “Хятадын ачааны машин” нэртэй мөрдөх ажиллагааг бүр 2011 оноос эхэлсэн гэнэ. Тухайн үед Прато хотод Хятадын өөр өөр мужаас гаралтай хоёр бүлэглэл дайн хийснээр Италийн хууль сахиулагчдын анхааралд орсон байна. Бүлэглэлүүдийн нэг нь Хятадын зүүн эргийн Зежянь муж, нөгөө нь зүүн өмнөд эргийн Фужянь мужаас гаралтай байжээ.

2005-2010 оны хооронд мафиудын тэмцлийн үеэр нийт 40 орчим хүн алагдсан байна. Энэ бүхний дараа Зежянь гаралтай Жан Найжон үнэмлэхүй босс болон тодорчээ.

Италийн хууль зүйн яам түүний бүлэглэлийн үйл ажиллагаа “олон зуун сая евро”-гоор үнэлэгдэх хэмжээтэй гэж мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: AFP